Анги засварлах хөрөнгийг орон нутгаас гаргуулахаар шийдвэрлэлээ
2016.05.31

Анги засварлах хөрөнгийг орон нутгаас гаргуулахаар шийдвэрлэлээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, орон нутагт ажиллах үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус анги нь 1960 онд байгуулагдсан ууган гал унтраах ангиудын нэг юм. Тус сум 10  гаруй мянган хүн амтай. Өвөлдөө эрс тэс уур амьсгалтай, өнгөрсөн өвөл гэхэд -40 өөс дээш хэмтэй өдөр 20 гаруй хоног үргэлжилж, цасны зузаан тал газраа 50-60, уулаараа 80-100 см-ын зузаантай байжээ.

Обьектын болон ой, хээрийн түймэр, малын өвчин, автомашины ослоос гадна Идэр, Хожуул зэрэг томоохон голтой учир үер ус, усны ослын дуудлагууд зохиолон гардаг гэж ангийн захирагч, онцгой байдлын хошууч И.Амартүвшин танилцууллаа. Тус суманд Аврах бүлэггүй тул иргэдээс ирсэн аюул, ослын бүхий л дуудлагат тус ангийн аврагчид ажилладаг байна.

Гал түймэр унтраах, аврах 39  дүгээр ангийн барилга нь хуучин мод боловсруулах үйлдвэрийн цэнэглэх станцын барилга бөгөөд албан хаагчид байрандаа хамгийн сүүлд 2008  онд их засвар хийсэн байна. Өөрсдийн нөөц бололцоог ашиглан засвар, тохижилтын ажлыг хийдэг ч өвөлдөө дулаан их алддаг, хүйтэн байдаг байна. Уг ангийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэн Онцгой байдлын хэлтэс болгон өргөжүүлж байгаатай холбогдуулан ангийн барилгыг өргөтгөхөөр төсөв, зардлыг гаргаад байгаа юм байна. Ангийн барилгыг дулаалж, давхарлан засварлаж өргөтгөхөд шаардагдах 30  гаруй сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг ОБЕГ-ын даргаас хүссэн.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тус аймгийн Тэс суманд шинээр анги байгуулж байгаа тул энэ зардлыг төсвөөс гаргах боломжгүйг тайлбарлалаа. Ингээд аймгийн Засаг дарга Жамьянтивт уг саналыг тавьж, зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулахаар шийдвэрлэлээ.