Монголын төлөө цохилох зүрхтэй хүн
2016.05.26

Монголын төлөө цохилох зүрхтэй хүн

Өлзийсайханы Энхтүвшин. Энэ хүнийг монголчууд сайн мэднэ.

Сүүлийн гучаад жилд бүхний нүдэн дээр ил байж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн цөөхөн улстөрчийн нэг. ”Ардын эрх” сонинд ажиллаж байхад нь ерээд онд танилцжээ. Монголын түүхэн дэх байнгын ажиллагаатай анхны парламентийн талаар тэр машид ойлгомжтойгоор ил тод бичдэг байв. Монголын парламентийн түүхийг туурвин бүтээсэн анхны сурвалжлагчдын нэг гэдгийг хэлье.

Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад нь Ардчилсан нам 1996 оны УИХ-ын сонгуульд ялж Засгийн газраа эмхлэн байгуулав. Мэндсайханы Энхсайхан Ерөнхий сайд болмогц анхныхаа захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь яаран сандран чөлөөлсөн байдаг юм. Өрсөлдөгчийнх нь зүгээс түүнд өгсөн үнэлгээ энэ байлаа. Айж, болгоомжилсон байна.

Дөрвөн жил тэр үр дүнтэй, нойр хоолгүй зүтгэсэн юм

Сонгуульд ялагдаж түүхэндээ анх удаа УИХ-д цөөнх болсон МАХН бага хурлаа хуралдуулж Б.Даш- Ёндон тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. Хариуцлага тооцож байгаа нь тэр. Өнөөдрийг бодвол нам ёс зүйтэй, эрүүл саруул байжээ.Намбарын Энхбаяр, Өлзийсайханы Энхтүвшин нарын залууст намын удирдлагын жолоог атгуулсан юм. Итгэл хүлээлгэсэн нь тэр. Тэд зоригтой золбоолог ажилласан. Үр дүн нь 1997 оны Ерөнхийлөгчийн болоод 2000 оны УИХ-ын сонгуулийн МАХН-ын ялалт байв.

Өлзийсайханы Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Дөрвөн жил тэр үр дүнтэй, нойр хоолгүй зүтгэсэн юм. Яг энэ он жилүүдэд Мянганы замын бүтээн байгуулалт өрнөж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжиж эхэлжээ. Өмнөх дөрвөн жилд эрх баригчдын өвдгөөр нь газар хэвтүүлсэн эдийн засгийг хөл дээр нь босгосон юм.

Сүүлд тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон. Тийм учраас монголчууд түүнийг андахгүй.

Өөрөөр хэлбэл ард түмэндээ нэгэнт танигдсан хүн. Хийсэн ажилтай, хэлэх юмтай буюу цаасан дээр намтар түүхтэй, цасан дээр тод зурайсан мөртэй нэгэн.

Монгол Улс нэг нийгмээс нөгөөд шилжсэн өнгөрсөн 26 жилд монголчууд бид юм юмыг л үзлээ. Улаан туг мандахыг үзлээ. Цагаан тугаа өргөөд үг дуугүй бууж өгөхийг бас харлаа. Улс Монголоо урагшгүй удирдагчид нь уруудуулж доройтуулахыг үзлээ. Газар шороогоо гадныханд арилжаалж наймаалцахыг ч харлаа. Хоёр намын толгой өмхийрч ялзраад хорь гучин өрх язартлаа баяжихыг үзлээ. Хоёр гурван сая ард иргэдээ ховх сорж мөлжөөд хоосруулан үгүйрүүлэхийг харлаа. Хэзээ хийсэн үйлийн үр нь юм бүү мэд.

Монгол Улс нэг нийгмээс нөгөөд шилжсэн өнгөрсөн 26 жилд монголчууд бид юм юмыг л үзлээ

Улстөрчид урваж шарваж улс орноороо тоглож наадахыг бол бүр ханатлаа харлаа. Харсаар байгаад догширч тоохоо ч бүр болих шинжтэй. Төрөөс төрсөн тэрбумтан л гэнэ. Сая доллараа харьд аваачиж хадгаламжинд хийгээд мартчихсан л гэнэ. Гаршиж мэргэшсэн хулгайч л гэнэ. Газар шорооны наймаачин л гэнэ. Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юу гэдэг нь болоод байгааг жирийн иргэд ухаж ойлгоход, ухаарч мэдрэхэд хэцүүхэн болох янзтай.

Нэг л зүйл харин одоо их тодорхой болж ирж байна. МАН болоод АН-ын толгой хэдэн баячууд, тодруулж хэлбэл бөөр бөгсөөрөө нийлж, түрийвч хэтэвчээрээ нэгдсэн хорь гучин гэр бүлийнхэн хоёр гурван зуун мянган намын гишүүд, дэмжигчдийнхээ нэр барьж, тэднээр тоглон наадаж улам улмаар улайран зүтгэж эрх мэдлийг ээлжгүй мөнхөд барихаар санаархаж, бүр хүсэмжлэн мөрөөдөж, үүнийхээ төлөө хүн алж хүрээ талахаас ч сийхгүй болжээ. Тэд хэн гэдгийг монголчууд бараг бүгдээрээ гадарлана. Тэр дунд харин Өлзийсайханы Энхтүвшин гэсэн нэр байхгүй. Тэгэх ч хүн тэр биш. Нэр харьцангуй цэвэр улстөрч.

Түүнд ардаа хайрлах сэтгэл, Монголын төлөө цохилох зүрх бий. Үүнийг би батална.

Яагаад гэвэл ерээд оноос хойш өнөөг хүртэл түүнтэй ойр дотно яваа хүний нэг. Нэгэн фронтод ажиллаж, нэгэн үйлсийн төлөө хамтдаа зүтгэж явлаа. Хэрэв уншигч та миний “Уулс,Үүлс, Туульс” эссэ романыг /2014/ олж уншсан бол тэндээс Түвшин гэдэг хүнийг олж харна. Энхтүвшингээс авч уг дүрд шингээсэн зүйлс тэр дунд зөндөө бий. Тийм болохоор өгүүлэн нуршихаас зайлсхийж Өлзийсайханы Энхтүвшингийн тухай гуравхан ширхэг баримтыг энд онцлоё.

Шигтгээ №1. УИХ-ын 1996 оны сонгуульд МАХН ялагдаж парламентэд цөөнх болоход дөчин мянган хүн хаалга хаян гарч одсон билээ. Нам түүхийн хог дээр хаягдлаа. Өндийхөө нэгэнт өнгөрөв. Социализмын үзэл санаа түүх болж үлдлээ гэцгээж байв. Тэгэхэд гарч явалгүй харин орж ирсэн цөөхөн хүний нэг нь Өлзийсайханы Энхтүвшин.Тэр ардчилсан үзэл социалист үзэл санаанд үнэнч байв. Нийгмийн ухааны институтаас хөдөлмөрийн гараагаа эхэлж эрдэм судлалын нөр хичээнгүй ажилд мэрийн зүтгэж юм үзэж, нүд тайлсан нь нөлөөлсөн ч байж болох юм. МАХН-ын төвч үзлийг ардчилсан социалист үзэл баримтлалаар сольж зүг чигээ зөв тодорхойлолцож чадсан эрдэмтний нэг. Нам дотор ардчилсан уур амьсгалыг буй болголцож жигүүрийг хүртэл байгуулж баталгаажуулсан удирдагчдын нэг.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Намбарын Энхбаяр хамгийн хүнд цэг РҮҮ түүнийг илгээж ажилуулдаг байсан юм. “Үнэн” сонин уналтынхаа доод цэгг хүрч уншигчдаа алдаж эхлэх хүнд хэцүү цаг үед намын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшинг тус сонины ерөнхий эрхлэгчээр томилж хавсарган ажиллуулж байв.

Нийслэл Улаанбаатар хотын МАХН-ын хороо хөл толгойгоо ялгахаа больж унтаа байдлаасаа удтал гарч чадахгүй ядаж байхад мөн л түүнийг хотын намын хорооны даргаар хавсарган ажиллуулж байсан удаатай.

“Үнэн” сонин ч сэргэсэн, хотын намын хороо ч амь орсон юмдаг. Үзэл бодолдоо үнэнч тууштай, хүмүүсийг хөдөлгөж ажиллуулж чаддаг хүний ажил аяндаа л бүтдэг юм билээ. Ө.Энхтүвшин бол улстөрийн намын тогоонд чанагдаж, унаж тусан байж туршлагажсан улстөрч. Өнөөдөр намд элсээд маргаааш сайд болно гэж зүтгэдэг орчин цагийн амных нь салиа арилаагүй ангаахай дэгдээхэй нараас тохой өндөр. Бүр ондоо хүн.

Шигтгээ №2. 2012 онд Монгол Ардын Нам өөрийнхөө даргаар Өлзийсайханы Энхтүвшинг сонгов. Улстөрийн намууд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яаравчлан бэлтгэж байсан үе. 90 жилийн түүхтэй энэ намын дарга нь шууд ногоон гэрлээр Ерөнхийлөгчид нэр дэвшдэг бичигдээгүй хуультай байсныг бүгд мэднэ. Үүнийг Ө.Энхтүвшин анх удаа эвдэж чадсан нь омог бардам, эрүүл саруул сэтгэлгээнийх нь гойд тод илрэл байсан юм. Анхан шатны үүр хороод, гишүүд дэмжигчдээсээ асуужээ. Хэнийг Монголын ард түмний дийлэнх олонхи дэмжихээр байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ гэж ил тод хэлжээ. Энэ бол МАХН-ын дарга Ө.Энхтүвшингийн баримталсан хатуу, зарчмын чухал байр суурь байлаа. Ардын намын түүхэн дэх бодлогын цоо шинэ үзэгдлийн илэрхийлэл байв. Шинэлэг сэтгэлгээтэй улстөрчийн удирдагчийн дүр төрх эндээс харагдаж байгаа юм.

МАН-д өнөөдөр ардчилал ус, агаар шиг хэрэгтэй хэвээрээ байгаа юм.

Д.Бат-Эрдэнэ аварга 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний чухам учир энэ. Харамсалтай нь нэр дэвшүүлсэн хүнээ Ө.Энхтүвшингээс бусад МАН-ын цөөнгүй удирдагчид дэмжиж ажиллаж чадаагүй юм. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байцгаасан юм билээ.

Өлзийсайханы Энхтүвшин бол Монгол Ардын Намд эрүүл саруул шинэлэг сэтгэлгээг оруулж ирсэн гэдгээрээ тус намын туүхэнд тэмдэглэгдэж үлдэх учиртай хүн.

Хэрэв шударга ёс, шударга бодит үнэлгээ гэж байдаг бол шүү. Энэ хүн МАН-ын даргаар ахиад хэдэн жил үргэлжлүүлэн ажилласан бол их олон зүйл өөрчлөгдөж шинэчлэгдэх байсан юм. Харамсалтай нь тэгсэнгүй.

МАН-д өнөөдөр ардчилал ус, агаар шиг хэрэгтэй хэвээрээ байгаа юм. Намын даргаа бурханчлан шүтэж эхэлвэл буруудна. Нам хүчирхэг байхын нэг уг үндэс нь эрүүл саруул уур амьсгал юм. Ардчиллын бүүр наад захын хэрэгцээ, шаардлага, өнөө цагийн өнгө төрх энэ.

Шигтгээ №3. Намын эв нэгдлийг эрхэмлэн, хагарлын эсрэг тууштай тэмцсэн хүний нэг нь Ө.Энхтүвшин. Ам хэлээ ололгүй алалцантэмцэлдэх юм бол хохирогч нь зөвхөн Монголын ард түмэн болно гэдгцйг их эртнээс тэр анхааруулж хэлсээр ирсэн байдаг. Тэр үнэн болохыг МАН ба МАХН болж салсай өнгөрсөн цөөн жилийн түүх бэлхнээ өгүүлнэ. Салж бутраад салаа замаар явснаас хойш тэддандаалялагджээ. Нэг ч удаа үнэмлэхүйгээр ялж үзсэнгүй. Цаашдаа ч тийм байх биз. Нийлж нэгдэн ажиллахын зайлшгүйг их тодоор хэлж ярьж байгаа хүн өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийнхнөөс ганц Ө.Энхтүвшин л байна. Бусад нь бол дув дуугүй. Хааяа нэг өнгө заслын үүднээс ёс төдий хандах нь бий.Үнэнээсээ биш. Олонхид таалагдаж оноо авахын тулд л хэлдэг шиг байгаа юм. Миний бодлоор Ө.Энхтүвшин нь Н.Энхбаярт хайртай дуртайдаа тэгж яриагүй байх. Эв нэгдлийг эрхэмлэдэгтээ, Монголын ард түмний ирээдүйн төлөө санаа зовниж буй учраас дуугүй байж чаддаггүй биз. Монголын төлөө цохилох зүрхтэй хүний амнаас л ийм үг гарна. Өөр хүнээс бол цухуйхч үгүй.

МАХН-ын дарга болоод тэрээр 2012 онд ээлжит бага хуралдаа “Оноо алдааны нэгэн жил: ухаарал, цаашдын зорилт” гэсэн илтгэл тавьсан юм. Энэ цагийн төрх араншинг мэдэрч, ялалт баялагдлын мөнчанарыг ухаарч, өрөөлийг бас өөрсдийгөө олж харцгаая гэж Ө.Энхтүвшин журмын нөхдөө уриалаад өөрсдийн нөхдөөс илүү өрсөлдөгчөө.өөд нь татаж явсны үр дагавар, гашуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно хэмээн анхааруулсан удаатай. Сүүлийн хорь гаруй жил МАН-ыг толгойлсон нэг ч даргын амнаас ийм үг унаагүй юм. Харинтэр хэлж чадсан билээ. МАН-ын толгой дээгүүр хөшиглөж харанхуйлсан аянгын үүлсийг тэрээр олж харж чадсан юм. МАН гэсэн аварга том хөлөг онгоцыг жолоодогч ахмадын суудалд эрүүлээр сэтгэгч, шинэчлэгч үзэл санаатай шинэ хүн гарч ирснийг энэ үг харуулж байлаа. Олон хүн баярласан, гэхдээ бас цөөхөн хүн үзэн ядсан юм билээ.

“Бүдэрсэн дээр нь түлхчихье гэсэн бодлого, түрэмгийлэл өдрөөс өдөрт эрчимжинэ гэдгийг өглөө бүр бие биедээ сануулж, эв нэгдлээ урьд урьд урьдынхаас илүү бэхжүүлье. Бие биесээ шүүмжилцгээе, гэхдээ хэмлэхгүй байя”гэж Ө.Энхтүвшин уриалсан юм. Энэ бол өнгөрсөн хугацаанд хийсэн алдаа онооны гашуун сургамж, гүн ухаарлын илрэл байсан билээ. МАН-ын зарим удирдагчид бие биесээ хэмлэж чонотой нийлсэн хээрийн нохойноос ч долоон дор авирлаж байсан цаг үе. Ийм эгзэгтэй үед Ө.Энхтүвшингийн хэлсэн энэ үг их содон сонсогдож байв.

Ө.Энхтүвшин МАН- ыг дэмжигчдийн дэмжлэг байсаар байна. Ард түмний дэмжлэг хэвээр байгаа цагт бид алдаанаасаа сургамж авч сайн ажиллаж чадвал 2016,1017 онд манай гудамжинд галын наадам болж л таарна гэж ирээдүй маргаашаа өөдрөгөөр төсөөлөн хэлж байсан билээ. Тэр цаг үе нь өнөөдөр айсуй. Түүний хэлсэн үг биеллээ олох эсэх нь тун удахгүй харагдана.

Энхтүвшингийн аав Өлзийсайхан гуай намын ажилтан байж. Гайхалтай ажилсаг, гайхамшигтай хүнлэг энэрэнгүй хүн байсан юм гэнэ лээ.

Насаараа нуггийнхаа зон олны төлөө, Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Ө.Энхтүвшин эцгээ дуурайжээ. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг дээ. Өлзийсайханы Энхтүвшин гэхээр надад нэг их гэгээлэг, өөдрөг бадрангуй үерлэсэн бодлын хур цээжинд бялхаад ирдэг юм. Сайхан хүний тухай магтан дуулна би гэж хэн гэдэг ухаантан хэзээ хэлсэн билээ дээ байз.

Бурхан минь, Монгол оронд Өлзийсайханы Энхтүвшин шиг хугараагүй ноён нуруугай, хувиршгүй шударга ариун зүтгэлтэй улстөрчид арай ч бас барагдчихаагүй байнам бусуу. Монголчуудын заяа өөдөө,дээшээ байгаа байлгүй дээ гэж бодох юм. Итгэл найдвар хоёр дээр амьдрал тогтдог гэдэг байхаа.