Импортын тарифт өөрчлөлт оруулснаар 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоочихоод байна
Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2016.05.05

Импортын тарифт өөрчлөлт оруулснаар 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоочихоод байна

Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохтой ярилцлаа.

-Засгийн газрын 185 дугаар тогтоолоор энэ сарын 1-нээс зарим нэр төрлийн барааны гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд явуулж байгаа энэ аргыг хүмүүс таатай хүлээж авч байна?

-Аж үйлдвэрийн яамнаас өнгөрсөн долдугаар сард Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Уг хуулийг дагалдаж эрхзүйн хэд хэдэн зохицуулалт хийгдсэний нэг нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний импортын тарифт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ хүрээнд бид эхний өөрчлөлтийг хийсэн.

300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэгэн зэрэг өсгөвөл хэрэглэгч талдаа зах зээл дээр тэдгээр бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өсөх эрсдэл байж магадгүй. Тийм учраас бараа бүтээгдэхүүний импортын үнэ тарифийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдсэн.

Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж өгч байгаа. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжиж, өрсөлдөх чадварыг нь сайжруулдаг гол зүйл бол стандарт, үнэ хоёр л байдаг. Гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тарифыг нь өсгөснөөрөө дотоодод бий болж байгаа бүтээгдэхүүн үнийн хувьд өрсөлдөх боломжтой болох, импортын бараанаас хямд үнээр зарагдах бололцоо бүрэлдэж байгаа юм. Энэ зохицуулалтыг үйлдвэрлэл эрхлэгч хамгийн ихээр хүсдэг.

Эхний ээлжинд дөрвөн нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн, цемент, зөгийн бал, нэг жилийн насжилттай автобус, троллейбус гэсэн арав гаруй бүтээгдэхүүний импортын татварт өөрчлөлт оруулсан юм. Ингэж өөрчлөлт оруулаад тодорхой хугацаанд үр дүнг нь харсан. Эерэг үр дүн гарсан.

2015 оны эцсийн байдлаар цементийн импорт 46 хувь буюу 42 сая ам.доллараар буурсан байгаа юм. Харин экспорт 630 мянган ам.доллар буюу 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үхрийн махны импорт 40 хүртэл хувь буюу 43 мянган ам.доллараар буурч экспорт 65 хувь буюу нэг сая ам.доллараар нэмэгдсэн үр дүн гарсан.

Зөгийн балны тухайд импорт нь 16 хувь буюу 233 мянган ам.доллараар буурч харин экспорт нь арав дахин нэмэгдсэн.

Цемент, мах махан бүтээгдэхүүн, зөгийн бал гэсэн бүтээгдэхүүнүүдэд шинжилгээ хийхэд нийтдээ 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоосон. Мөн татвар нэмэгдсэнээр улсад 3.2 тэрбум төгрөгийг оруулсан гэсэн тооцоо гарсан.

-Эхний үр дүн ийм нааштай гарсан учраас Засгийн газрын 185 дугаар тогтоол гарчээ гэж ойлгож байна?

-Импортын тарифаар үйлдвэрлэл эрхпэгч, дотоод үйлдвэрлэлээ хамгаалах байдлын ийм зохицуулалт хийх нь зөв юм байна. Тийм учраас хоёр дахь үе шатны зохицуулалт хийе гэсэн. Нийтдээ 14 бүлгийн 28 зүйлийн 57 нэр төрлийн бүтээгдэхүүнд өөрчлөлт хийсэн. Ингээд Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхпээд явж байна.

-Уг тогтоолоор зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг таван хувь байсныг 15-20 болгож нэмэгдүүлчихээд байна гэсэн үг үү?

-Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Тийм учраас тэдний хэлэлцээрийн дүнд тавигдсан шаардлагуудаа дагах ёстой. Өөрөөр хэлбэл бид 20 хүртэлх хувиар импортын бараандаа татвар тавих боломжтой. Тэр хүрээндээ 15-20-иар л нэмсэн өөрчлөлтүүдийг хийсэн.

Мэдээж энэ өөрчлөлтүүдийг хийхэд судалгаа тооцоогүй аль эсвэл өнгөц хандаад сэтгэл хөөрлийн байдлаар нэмсэн зүйлгүй. Үйлдвэрлэгчдийн хувьд “Бид зээл аваад үйлдвэрлэлээ өргөжүүлээд бүтээгдэхүүнээ гаргаад байна.

Гэтэл урд, хойдох том зах зээл байна. Энэ хоёр том зах зээлээс импортын бараа орж ирээд бидний барааг цохиж унагачихаад байна. Барааг маань борлуулалтаар нь дэмжээч. Дотоодын үйлдвэрлэлээ гадны бараанаас хамгаалах бодлого явуулах хэрэгтэй байна” гэсэн саналуудыг маш их гаргадаг.

Тэр хүрээнд бид судалгаа хийгээд манай үйлдвэрлэлүүд дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд үйл ажиллагаа хэр явуулж байна вэ, бололцоотой үйлдвэрлэл байна уу гэдгийг судалсан.

-Дотоодын хэрэгцээгээ хангах бололцоотой үйлдвэрүүд гэвэл ямар чиглэлийнх байна вэ?

-Жишээ хэлье л дээ. Албан тасалгаа, сурагчийн ширээ сандал, гал тогооны модон тавилгын үйлдвэрлэл байна. Энэ үйлдвэрлэлд одоо идэвхтэй үйп ажиллагаа явуулж байгаа 300 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид байгаа.

Энэ бол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэрлэлийг бүрэн явуулж чадаж байна. Монгол Улсын тавилгын хэрэгцээ жилд 46 мянган ком. Бид 22 мянган комыг нь дотоодоосоо аваад 24 мянга нь импортоор оруулж ирдэг.

2012 оноос хойш бонд, хөнгөлөлттэй зээлүүд, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 64 иргэн, аж ахуйн нэгж нийтдээ 28.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу зээл авсан байгаа. Мөн үйлдвэрлэгчид өөрсдөө найм орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаад модон тавилгын үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байгаа.

Тийм учраас Монгол Улсын өнөөдрийн суурилагдсан хүчин чадал бол жилд 50 мянган ком тавилга хийж чадна. Ийм хүчин чадалтай болчихсон байтал бид 22 мянгыг нь л дотоодын үйлдвэрлэлээс авч байна.

Дотоодын үйлдвэрлэлийн тавилгуудаа урд хөршөөс орж ирж байгаа импортын бараатай өрсөлдөхүйц байлгахын тулд импортын татвараа таваас 20 хувь хүртэл өсгөчихсөн.

-Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд байнга төр засгаасаа нэхэж, шаарддаг байсан зохицуулаптыг л хийчихлээ гэж харагдаж байна?

-Мөнгөн дүнгээр гэвэл дээр дурдсан арав гаруй бүтээгдэхүүн дээр гэхэд л 82.5 тэрбум төгрөгийн өөрчлөлт гарсан байна шүү дээ. Тэгэхээр 57 бүтээгдэхүүнд гарах өөрчлөлтийг бид хагас жил ч юм уу, тодорхой хугацааны дараа үр дүнг нь тооцож яривал нэлээд таатай тоо гарна гэж бодож байна.

-Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд танай яамнаас үүнээс гадна ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Үйлдвэрлэлийг санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжиж байгаа шүү дээ. Санхүүгийн бус гэдэгтээ энэ эрхзүйн зохицуулалтууд орж ирж байгаа. Санхүүгийн дэмжлэгийн хувьд хөнгөлөлттэй зээлүүд өгч байна.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлдөг зохицуулалт хийгдэж байгаа. Сая бид Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” байгуулсан. Энэ сангийн дэмжлэг олгогдоод явна. Уг сан нь экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжинэ. Энэ жилийн хувьд эл сан дээр таван тэрбум төгрөг тавигдсан байгаа.

Гадаадад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргахад технологи, судалгаа хөгжлийн зардал чухал байдаг. Тэр зардал руу нь энэ мөнгийг өгнө. Дэлхийд танигдсан монгол брэнд гаргахын тулд монгол технологи, өөрсдийнхөө давуу талыг бий болгосон бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.

Тиймээс үүн дээр үйлдвэрлэлүүдэд энэ чиглэл рүү хандсан судалгаа, хөгжлийг дэмжсэн дэмжлэг чухал болдог. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагаж гарсан бас нэг зохицуулалт бол Худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулсан. Төр бол өөрөө маш том худалдан авагч.

Тиймээс төр нь дотоодын үйлдвэрлэлээс гарсан бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болъё гэсэн зохицуулалтыг хийсэн. Үүний үр дүнд төр ямар ямар бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах вэ гэдгийг батлуулаад тэр тогтоолоо хэрэгжүүлэх гээд нэлээд хүчин чармайлт тавьж ажиллацгааж байна.