МАН-д хандаж уриалга гаргалаа
МАХН-ын Бага чуулганы шийдвэрийн талаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар өчигдөр 18:40 цагт шуурхай мэдээлэл хийлээ.
Ч.Улаан “Бага чуулган хоёр өдөр хуралдаж хоср асуудлыг хэлэлцлээ. МАХН-аас 2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ- ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн МАХН-аас МАН-тай эвсэл болж сонгуульд орох асуудлыг хэлэлцсэн. Хурал өчигдөр / уржигдар/ өглөө эхэлж 16:00 цагаас МАХН-тай эвсэх асуудлаар МАН- 'аас зөвшилцөл хийсэн Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон. Бага чуулганд намын дарга оролцож байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан явж байх үед бидэнтэй сонгуульд хамтран оролцохоор зөвшилцөл хийсэн МАН-ын Ажлын хэсгийн удирдлагаас эвсэж сонгуульд оролцох асуудал тогтоосон цагт багтаж хариу өгөөгүй учраас боломжгүй боллоо гэсэн мэдээллийг ирүүлсэн. Бид бага чуулганы хуралдааныг завсарлуулж хоёр намын дарга, Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан.
Энэ дагуу 19:40 цагт уулзалт хийх үеэр цаг хугацааны хатуу хязгаарт баригдаж эвсэх асуудал боломжгүй болсныг МАН-аас мэдэгдсэн. Бид хуулийн хүрээнд товлосон цаг хугацаанд Мөрийн хөтөлбөр өгөхөд 20 гаруй цагийн хугацаа байна. Энэ хугацаанд ойлголтоо нэгтгэж, эвсэх асуудлаа тавьсан ч хамтрагч талууд хүлээж аваагүй. “Удирдах зөвлөлдөө танилцуулж хариу хэлье” гээд уулзалт өндөрлөсөн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.
МАХН-ыг Бага чуулган МАН-тай эвсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцлээ. МАХН анхнаасаа тогтвортой байр суурьтай байж ирсэн. Эвсч хамтарч ажиллах нь сонгуульд амжилт гаргах үндэс болно.
Гишүүд дэмжигчдийн хүсэлтийг харгалзан үзэж эвсэх боломж байгаа гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлээр үзэл бодол зорилго чиглэл нэгтэй намууд цаашид хамтран ажиллах асуудлаар үргэлжлүүлэн ажиллахыг намын гүйцэтгэх байгууллагуудад чиглэл болголоо. Хамтран ажиллагч МАН-д хандаж МАХН-ын Бага чуулганаас уриалга гаргалаа. Хуулийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж байгаа учраас энэ сарын 22-ны өдөр хүртэл хамтран ажиллах асуудлыг авч үзэх, хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх саналыг уламжилж байна” гэв. МАХН-ын Бага чуулганаас МАН- д хандсан уриалгадаа “Манай намын ажлын хэсэг эх орноо өнөөгийн хямралаас гаргахад хоёр намын хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдэг зарчмыг тууштай барьж ажиллаж ирсэн. Хэлэлцээрүүдийн явцад танай тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж ирсэн. МАН-аас эвсэхгүй гэсэн шийдвэрийг гаргасанд гүнээ харамсч байна. Хоёр нам УИХ- ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаар эерэг..шийдвэр гаргах талаар дөрөвдүгээр сарын 22-ны өдөртөө багтаан ажиллахыг дахин уриалж байна” гэжээ.