2016.04.20
Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болжээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн улстөрчдийг гадаадад данстай байх асуудлыг хуулиар хориглох тухай “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” гэсэн өгүүлэл “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн юм.
Цаг үеийн чухал асуудлыг хөндсөн Түүний энэхүү өгүүллээс ОНЦЛОХ ЭШЛЭЛийг нь түүвэрлэн хүргэж байна.
С.ОДОНТУЯА:
- Дарга нь өөрийнх нь төлөө амиа өгнө гэдэгт эргэлздэггүй цэрэг ялалтын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг.
- Махатма Ганди, Пак Чон Хи, Ли Куан Ю зэрэг удирдагчдыг ард түмэн нь өчүүхэн ч эргэлзэлгүй дагаж, хамтдаа эх орныхоо төлөө нэгдэж чадсан.
- Алдаа оноон дундуур зүтгэхдээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлтэй байсан тул тэд үеийн үед мөнхөрсөн удирдагчид болсон.
- Харин манайд ямар байна вэ? Биднийг хаяад зугтах бэлтгэлээ хийж байна гэсэн хар сэр дунд байгаа иргэдээсээ итгэл, сэтгэл, хүндлэл хүлээж болох уу?
- Иймд улс төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болчихоод байна.
- Хувийнхаа хөрөнгийг гадаадад байршуулахын оронд улс орон ард түмнээ элдэв эрсдлээс хамгаалах талаар сэтгэл зүрхээ зориулах учиртай.
- ОХУ-д төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хуулиар хориглосоннь итгэл алдарч, сэтгэл гундсан ард түмнийхээ талархлыг хүлээлээ.
- Хэн ч, ямар ч дарга мөнгөтэй байхыг хориглосонгүй, харин улсдаа л авчир гэв.
- Монголд Ил тодын хуулийн үзүүр албан тушаалтнуудыг хилийн чанадад байгаа хөрөнгөө Монголдоо авчрах боломжийг олголоо.
- Тэдний хөрөнгө анх хаана бий болсон тэндээ л үр өгөөжөө өгч байх учиртай. Бид “Таныг Монголоосоо дайжихгүй” гэдэгт итгэхийг хүсч байна.
- Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж болно гэж үү?