Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2016.04.19

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.19. Мягмар гараг/ 14 цаг 23 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгээс гаргасан танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг ажлын хэсгээс хийсэн байна.

Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг хуулийн төслийн холбогдох зүйл, заалтыг нягтлан үзжээ. Ингэснээр тухайлахад, төслийн 21.2 дахь хэсгийн “тусламж үйлчилгээг гэрээний дагуу” гэснийг “эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартын дагуу” гэж өөрчлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд “төслийн 15.1.4, 16.3.4 дэх заалтын “ял шийтгэлгүй” гэснийг тус тус хасах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.