Х.Баттулга гишүүн ЦЕГ-ын  дарга Р.Чингисийг амь насанд халдахыг санаархсан гэж үзжээ
2016.04.14

Х.Баттулга гишүүн ЦЕГ-ын дарга Р.Чингисийг амь насанд халдахыг санаархсан гэж үзжээ

Өнгөрөгч даваа гарагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн компанид шалгалт явуулах нэрээр ЦЕГ-ын тусгай хэлтсийн  30 гаруй тусгай ажилтан Баянгол зочид буудлыг хамгаалалтад авсан.

Мөн түүний туслахаар ажиллаж байсан гэх Баялгийн сан ТББ-ын захирал эмэгтэйг өнгөрөгч даваа гарагт баривчилсан юм. Ингэснээр Х.Баттулга гишүүний эргэн тойронд ажиллаж байсан дөрвөн ч хүнийг ЦЕГ-аас баривчлаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга хувийн жижигхэн компанийн санхүүгийн шалгалт хийхийн тулд буутай цагдаа, тусгай хүчин дагуулж ирж бүслэлт хийсэн энэ үйлдэлд бухимдаж, улмаар Цагдаагийндарга Р.Чингис эрх мэдлээ хэтрүүлэн, тусгай тасгийг зориулалтын бус ажиллагаанд зэвсэглэн ашиглалаа хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Р.Чингис даргыг албан тушаалаас нь буулгах хүсэлтийг Хуульзүйн сайдад гаргажээ.

Тэрбээр, хүсэлтдээ “Зэвсэглэсэн алба хаагчид баг зүүн нүүрээ буруулж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж, галт зэвсэг ашиглан хүний амь насанд заналхийлсэн хэмээн үзэж байна. Хэрэв надтай хамт нэр бүхий УИХ -ын гишүүд байгаагүй бол эсэргүүцэл үзүүлсэн гэдэг зохиомол орчин үүсгэж, амь насанд халдахаар бэлтгэсэн, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэн шалгуулахаар хүсэлт гаргалаа" гэжээ. Хуульзүйн сайд уг хүсэлтийг хэрвээ зохих ёсны дагуу шалгахгүй, мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилсон хүндээ хариуцлага тооцохгүй бол Засгийн газраас сайдуудаа татаж, намын гишүүнчлэлээ ч больж мэднэ гэдгийг намынхаа журмын нөхдөд хэлсэн сурагтай.