Гэр хорооллын бохирын асуудал их тулгамдсан асуудал
2016.04.08

Гэр хорооллын бохирын асуудал их тулгамдсан асуудал

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг болон ,

"Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүд энэ үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Нийслэлд баригдаж буй автомашин, техникийн сэлбэгийн худалдаа эрхэлдэг захуудыг нүүлгэн шилжүүлэх ажил эрчимтэй явж байна. Энэ асуудалд МАН их тоглолт хийж байгаа. Аль нь зөв гэдгийг тодорхойлж өгнө үү. Гэр хорооллын төлөвлөлттэй холбоотой асуудлууд сайн явагдаж байна”

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ бол улстөржүүлсэн асуудал биш.  Эдийн засаг хүнд байхад бизнес эрхэлж буй хүмүүсийг нүүлгэх хэрэг юу байна аа. Эдийн засаг тогтвортой болох хүртэл бизнес эрхлэгчдийг оролдох хэрэггүй. Тус болдоггүй юмаа гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Тиймээс хугацаагаа эргэн харахыг хүсэж байна”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Агаарын бохирдол, хотын үнэртэй холбоотой асуудлыг олон удаа ярьсан. Тухайн үеийн хариуцаж байсан хүмүүс цэвэрлэх байгууламжид 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нийслэлд бохирдлын асуудал их байна. Тиймээс цэвэрлэх байгууламжийг нэмэгдүүлэхгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гэр хорооллын бохирын асуудал их тулгамдсан асуудал. Улаанбаатар хотыг 1956 онд төлөвлөхдөө тав, зургаан зуун мянган хүн амьдарч болохоор төлөвлөсөн.  Гэтэл одоогоор сая 300 мянган хүн амьдарч байна.

Нийслэлд хийгдсэн барилгажилтын асуудал хүндэрч байгаа жишээнүүд бий. Энэ талаар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

 УИХ-ын чуулган үргэлжилж байна.