Манай аймагт хэрэгжиж байгаа том төслүүд бүгд урагшаа хөдөлсөн
2016.04.12

Манай аймагт хэрэгжиж байгаа том төслүүд бүгд урагшаа хөдөлсөн

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа. Их замын үүд хаалга болсон Дорноговь нутаг бол манай улсын уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэржилтийн гол түшиц болсон газар юм. Дорноговиос монголчууд хөгжлийн их гэрэл гэгээг харж байгаа. Ийм аймгийг найм дахь жилдээ удирдан залж яваа түүнтэй хөөрөлдөх сонирхолтой байлаа.

-Таны хувьд тэртээх наяад оны үед Монголоос анх удаа Японд суралцахаар явсан хоёр залуугийн нэг нь байдаг. Хуучин нийгмийн үед Япон хэмээх хөрөнгөтөн орон руу явах хувь яаж тохиосон юм бэ?

-Одоо энэ Уул уурхайн сайд Жигжид бид хоёр Японд суралцсан анхны боловсон хүчнүүд. 1972 онд Монгол Улс, Япон улс хоёр дипломат харилцаа тогтоосон юм. Москвад сууж байсан Японы элчин сайд Москвад суудаг манай элчин сайдтай холбоо тогтоож.хар үгээр бол харилцан бие биеэ хүлээн зөвшөөрье гэсэн юм билээ. Ингээд Япон улсын зүгээс “Танай оронд юу хэрэгтэй байна" гэж хамтран ажиллах санал тавьсан байдаг.

 Монгол орны хөгжилд тус болохуйц нэг томоохон төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болж, 10 орчим томоохон төсөл судалсан юм. Ер нь дипломат яриа хэлэлцээр гэдэг цаг хугацаа их зарж, харилцан ойлголцолоо ойртуулж, ерөнхийдөө санаа бодлоо нэгтгэдэг үйл явц. Тэгээд манай зүгээс хамгийн ирээдүйтэй, урагшаа явчихаар нь ноолуурын үйлдвэр гэж үзсэн юм билээ. Ингээд Японы буцалтгүй тусламжаар 17 орчим сая долларын санхүүжилтээр одоогийн “Говь” үйлдвэрийг анхан шатнаас нь ноолуураа угааж цэвэрлээд, утас хийж, цамц үйлдвэрлээд, боож савлаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг иж бүрэн үйлдвэр барьж 1980 онд ашиглалтад оруулсан.

Их сайхан үйлдвэр ашиглалтад орсон. Японы технологи, машиныг ажиллуулахаар япон инженерүүд ажиллах хэрэгтэй болсон. Тэгээд ч ажиллуулсан. Ингээд хэсэг хугацааны дараа үйлдвэрийг жигдрүүлээд монголд хүлээлгэж өгсөн юм.

Тэр үеийн нийгэм ямар байлаа, үзэл сурталын үе шүү дээ. Япончуудыг ажиллуулаад л байсан хэрэг үү?

-Наана чинь л асуудал болсон юм билээ. Хүйтэн дайны үе, манай улсын статус ямар байлаа, япон инженерүүд ажиллахаар өндөр цалин аваад баахан хөрөнгөтөн орны хүмүүс байнга ажиллах болно энэ асуудал биздээ. Тиймээс монгол инженер бэлтгэх, үндэсний боловсон хүчин бий болгох шаардпага гарч Япон улсын Засгийн газрын зардлаар Монголын 20 инженерийг бэлтгэх болсон. Тэр үед П.Дамдин дарга гэж гэж улс орны ирээдүйн төлөө дайчин тэмцдэг дарга байлаа шүү дээ.

Энэ хүн үнэхээр зориг гаргаж монгол инженерүүдээ Японд бэлтгэх асуудлыг шийдүүлж японд оюутан сургах асуудлыг эхлүүлсэн. Ингээд бидний хэдэн хүүхдийг сонгон шалгаруулж авсан юм. П.Дамдин дарга бидэнд “Та нар суурь хичээлээ сайн бэлд, суурь мэдлэгтэй байвал очоод хүндрэл бага байна” гэсэн. Инженерийн суурь чинь физик, математик шүү дээ. Би МУИС-ийн математикийн гуравдугаар ангийн оюутан байлаа. Жигжид физикийн анги байсан. Эхэндээ физик, математикийн ангийн хүүхдүүд шалгалтөгсөнюм.Тэгээд бид хоёр шалгарч Японы засгийн газрын зардлаар явсан анхны хоёр оюутан болсон доо.

-Тухайн үед Япон улсад очно, тэнд суралцана гэдэг санаанд багтамгүй явдал байсан байх. Японд очсон анхны сэтгэгдэл ямар байв?

-Явахынхаа өмнө ойр зуурын хэл сурах гэж оролдсон. Онгоцонд суух хүртэл ер нь явахыг маань дэмжсэн хүн ховор. Хүн бүр л “Япон явах гэж байна уу” гээд болгоомжтой байдлаар асуудаг. Зарим нь "Эндэх сургуулиа дундаас нь орхиод харь хөрөнгөтөн орон руу явах чинь болж байгаа юм уу” гэж ярина. Тэр үед японы талын мэдээлэл их хоцорч ирдэг байсан. Япон улс нь 1970-аад онд одоогийн монгол шиг утааны хямралд орсон. Тэр байдлаасаа даруй гарчихсан байсан ч 1980 он гэхэд яг л тийм байгаа юм шигээр дуулдах жишээтэй байсан. Бид иргэний хамгаалалтын хичээлд хэрэглэдэг байсан хажуудаа баллонтой масктай адил маск л японд зүүж явөхгүй бол агаарын бохирдолтой, түүндээ байнга мөнгө төлж агаар шахуулна мөнгөгүй бол тэгээд утаандаа багтраад унах шахуу л юм ярьдаг байлаа. Тэгээд л онгоцонд суусан, эхлээд Москва руу 6-7 цаг нисээд, тэндээсээ Англиас ирсэн Японы онгоцонд суугаад Ленинградаас хойшоо гараад хойд туйлаар дамжаад 20 гаруй цаг нисч Токиод очсон доо.

Их л хол газар шиг санагдсан одоо бол 4 цаг нисээд л ирж очиж байна. Очоод онгоцноос буухад нар нь ямар сайхан байсан гээч. Орчин нь гоё, сайхан орон. Хөгжил өндөртэй, сургалтын систем шал өөр. Ер нь ойлгож байснаас огт өөр ертөнц уггсан л даа. Эхний нэг жил олон гадаад оюутнуудын дунд ороод хэл сурсан. Япон хэл сурангаа бүх мэргэжлийн хичээлээ үзэж эхэлсэн. Бид хоёр нэг ч ханз мэдэхгүй. Ядаж манайд англи хэл заадаггүй үе байлаа. Тийм нөхцөлд тэнд суралцах их хүнд байсан. Гэхдээ давааг зүтгэж байж давсан шүү. “Дараа жил та хоёрын араас очих хоёр оюутанг авахгүй бол та нар муу сурсан гэсэн үг эх орныхоо нэрийг бодож бас монгол хүүхдүүд япончуудтай мөр зэрэгцэн суралцаж чадна гэдгээ харуулах хэрэгтэй” гэсэн даалагавартай явсан. Дараагийн хоёр оюутан ирснээр бид хоёрын мөрөн дээрх хүнд ачаа арилж билээ. Японд сурсан бүх оюутнууд үнэхээр хичээл зүтгэлтэй нэр хүндтэй суралцацгаасан даа.

-Аав, ээж чинь тухайн үед юу гэж захиж байв?

-Манай аав намайг их хорьсон. Үнэндээ миний аав бол хоёр дайнд оролцож явсан гавъяатай ахмад дайчин хүн. Төлөвшил, үзэл бодол нь мэдээж өөр. Юун зөвшөөрөх, ер нь хүнд хүлээж авсан шүү. Би Засгийн газар хоорондын хэлэлцээрээр явж байна. Утаа униарт нь багтраад уначихгүй байх. Тэнд 120 гаруй сая хүн амьдардаг юм билээ... гэхчлэн сонссон дуулсан бүх л эөрэг бүхнээ хэлж ярьсан. Ер нь бол аавдаа аль болох эвтэйхэн ойлгуулах ажлыг хийсэн л дээ.

-Тэгээд японд очлоо. Эх оронтойгоо, ээж аавтайгаа яаж холбогдож байв. Харилцаа холбоо, мэдээлэл авах боломж басчиг байсан биз дээ?

-Тэр үед утсаар ярина гэсэн ойлголт мэдээж байхгүй. Элчин дээрээ л очиж бүх юмаа хэлж ярина. Улиралд нэгудаа Токио орж бүх мэдээллээ бөөнөөр нь авч монголын сонин сэтгүүлээ уншина. Тэнд өөр оюутан байхгүй болохоор манай элчингийнхэн бид хоёрыг бүх л талаас маань харж ханддаг байсан. 1980 онд Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн япон хэлний сургуульд сураад 1981 онд Нэхмэлийн мэргэжлээрээ суралцахын тулд Шиншю Их сургуульд элсэн суралцсан. Бид хоёрт анхны оюутны хүндрэл их байсан болохоор дараагийн оюутнууддаа тус болохын тулд япон монгол хэлний товч толь бичиг бэлдэж мөн японы өдөр тутмын амьдралын танилцуулга видео бичлэг хийж хэлний сургуульдаа үлдээсэн. Хэлнийхээ бэлтгэлтэй нийлээд бид нийт таван жил сурсан. 1985 онд төгсөж ирээд шууд л Говь үйлдвэртээ ажилласан. Говь комбинатад 1985-1990 он хүртэл таван жил ажилласан, бидний араас жил бүр хоёр инженер японд төгсөж ирсэн.

-Ерэн онд нийгэм солигдлоо. Монгол улсыг амаргүй зам угтсан. Үнэндээ 1990 оноос хойшхи Монголын гол спонсор, харж ханддаг улс нь Япон байсан гэдэгтэй өнөөдөр маргах хүн байхгүй байх. Тэр үед тань шиг Японд сургууль төгссөн хүмүүс хоёр орны хооронд гол гүүр нь болж байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Үнэндээтийм л юм болсон. ЗХУ задарсан. Наад зах нь манай цахилгаан станцуудын бүх тоног төхөөрөмжүүд, бензин, шатахуун гол хөнгөн үйлдвэрүүдийн хэрэгцээт бараа мазут сэлбэг гээд бүгд хойноос бараа солилцоо буюу гэрээгээр ирдэг байсан тэр бүгд зогссон. Хэрэгцээт бараагаа хатуу вальютаар авах нөхцөлийг тавьсан тул ингээд мөнгөний эрэлд гарна биз дээ. Үнэндээ Япон хамгийн ойр байсан. Тэднээс л барааны зээл авъя гэж Засгийн газар шийдсэн. Ингээд японы тал маш хурдан шийдвэр гаргаж 20- 30 жилийн хугацаатай барааны хөнгөлөлттэй зээл олгох болсон. Ингээд хуучин соц-орнуудаас бараа солилцоогоор авч байсан зайлшгүй шаардпагатай бараагаа энэхүү барааны зээлийн системд оруулаад японы барааны зээлээр авч эхэлсэн нь Улаанбаатар хөлдөхгүйгээр өвлийг давах, бензин шатахуунаар хангах зэрэг асар олон хүндрэлтэй төлбөрөө хийхэл зарцуулж энэ мөнгө ер нь манайд тухайн үедээ аврал байлаа. Зээлээр ямар бараа авахаа япон талд тайлбарлаж зөвшөөруулэх маш том асуудал гарсан.

Ямар сэлбэг материал бараа бүтээгдэхүүн авахыг тайлбарлаж, харилцан ойлголцохын тулд зайлшгүй техникийн хэлтэй мэргэжлийн хүн хэрэгтэй болж Гадаад хэргийн яамнаас намайг 1990 оны 6 дугаар сараас эхэлж Токиод суугаа Элчиндээ  ажиллуулахаар томилсон.Тэр үед инженер мэргэжилтэй хүн Элчин сайдын яаманд ховор байж. Улс ороны хүнд үед японд чухал ажилд томилогдсон учраас тэнд уйгагүй ажиллаж яам байгууллагад нь улс орныхоо байдпыг танилцуулж асуудлаа шийдүүлэхийн тул хүчин зүтгэж эргээд харахад чамлахааргүй тус дэм болсон байна гэж боддог юм. Ер нь жил алгасахгүй хүссэн зээл тусламж, хөрөнгө оруулалтаа япончуудаас авч байлаа.

1990- ээд оны шилжилтийн хүнд үед япончууд жинхэнэ халуун гараа сунгаж тусалсан шүү. Би 1994 оныг дуустал японд ажиллаад эргэж монголдоо ирсэн. Тэр дөрвөн жилийн хугацаанд Донор орны 5 удаагийн зөвлөгөөнийг Японд зохион байгуулахад бэлтгэл ажлуудыг гардан хийж байснаараа бахархадаг. Монгол Улсад туслах бодолтой донор орон олон улсын байгууллагуудтай урьдчилсан уулзалтуудыг зохион байгуулж бэлтгэлийн хир зэрэг хангуулснаас л зөвлөлгөөний үеийн үр дүн хамаардаг. Монголд туслах Донор орнуудын зээл тусламжийн 50-60 хувийг Японоос өгдөг байсан нь түүхэн үнэн юмдаа.

-Шилжилтийн хүнд үед гадаад оронд ажиллаж үүргээ гүйцэтгэсэн хүн эх орондоо ирээд ямар ажил алба эрхэлсэн байх вэ?

-1994 онд томилолтын хугацаа дуусаад эх орондоо ирсэн Монгол Японы хооронд эдийн засгийн хамтын ажиллаагааны том төслүүд эхэлсэн байсан. Түүнийг үргэлжлүүлж ажиллах шаардлага гарсан л даа. Тэр үед төсөл хөтөлбөр, тендерийн хэрэгжилтийг зохицуулж ажилладаг газар нь Үйлдвэр худалдааны яам байсан. Ингээд ҮХЯ-ны яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газарт Японы асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллах болсон. Тэнд хоёр жил гаруй ажилласан. Тухайн үед хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж муудчихсан. Түүнийг шийдэхийн тулд японы КР-1, КР-2 зэрэг төслүүдийг оруулж ирэх, Улаанбаатар хотод нийтийн тээвэр хүндэрч шугамын автобус бараг зогсонги байдалд орсон тул японы буцалтгүй тусламжаар 100 автобус авах ажлыг гардан хөөцөлдөж шийдүүлж байлаа.

Нийтийн тээврийн 100 автобус авах тендерийг японд зарлаад дүгнэсэн чинь өрсөлдөөн их байснаас дахин 20 автобус авч болох мөнгө хэмнэгдсэн байлаа.Тэгэхээр нь бид “Өвөл хүүхдүүд гадаа автобус хүлээдэг нь танай тусламжийн автобус очсоноор хоёр дахин багасах ч энэ үлдэгдэл мөнгөөр 20 автобус авахыг зөвшөөрвөл бүүр л хүүхдүүдэд маань ач тустай болохоор байна” гэж тайлбарлахаар япон тал “Тэд хүйтэнд зогсож байг” гэж хэлж чадахгүй зөвшөөрч билээ. Ингээд л 100 автобус авчрах байснаа 120 автобус авчирч байлаа. Тэр автобусуудыг монголд зориулж хийсэн. Өвөл цанатах учир дулаалга сайн хийсэн. Цонх шилийг нь нэг стандарт болгоод бүр засвар үйлчилгээг нь оруулж ирж байлаа. Тухайн үед Улаанбаатарын нийтийн тээврийг шийдэхийн тулд нэг иймэрхүү энгийн гэмээр яриа хөөрөө хийж ажлаа бүтээснээ дурсахад сайхан байдаг шүү.

-Залгуулаад өнөө гар бариад бугуй барив гэдэг шиг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг Японы хөрөнгө оруулалтаар хийлгэж эхэлсэн байх. Нарны замаас эхлээд л...?

-Ер нь тэгсэн дээ. Монголчуудыг цааш гэдэггүй ард түмэн. Мэдээж “Нарны зам" байна. Тэрэн шиг өндөр чанартай зам одоо ч бараг байхгүй байна. Нарны гүүр байна. Зүүн талын аймгууд руу явдаг Баяндаваанийн зам байна. Баяндаваа дээр байнга зам эвдэрдэг байсан. Тэнд метр зузаантай зам тавьсан юм. Доор нь том чулуу эвэх технологийг гайхалтай хийсэн. Сүүлийнх нь одоо энэ Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал байна. Япончууд маш удаан судалгаа хийнэ. Япончууд дор хаяж гурван жил судалгаа хийж одоо боллоо гэсэн үедээ харин ямар нэг гацаагүйгээр явуулдаг. Үүнийг монголчууд бид хэд хэдэн төслийн хэрэгжилт дээр нь нэг харлаа. Нарны гүүр барихад замын хөдөлгөөнийг нэг ч удаа хааж зорчигчдод хүндрэл учруулалгүйгээр барилаа шүү дээ.

Ингэхэд ерэн оны эхээр японд байсан хүн чинь тэндээсээ хувийн бизнес хийсэн бол их боломж байсан байх даа?

-Японд олон оюутан сурч төгслөө. Тэднээс нилээд нь төрийн өндөр алба, яам байгууллагад ажиллаж зарим нь монгол улсынхаа бизнесийн олон салбарт амжилттай ажиллаж байна. Миний хувьд бол анхны оюутан байснаас ч тэр үү төрдөө зүтгэх гэсэн ойлголт суучихсан болтой байгаа юм. Т өрийн ажил хийгээд л өнөөдрийг хүрлээ. Гэхдээ би чинь басчиг хувийн хэвшилд ажилласан хүн шүү. Newcom компанид ерөнхий менежерээр ажиллах хугацаандаа хувийн секторд нэлээд олон төслүүд босгосон. Аймаг орон нутаг, улс орон маань нэг иймэрхүү концепцоор явбал гээд элдвийг л бодож сэдэж уншиж судалж суух юм байна шүү дээ.

-Таны удирдаж байгаа Дорноговь аймаг бол Монгол улсын баялагийн үүц уурхай, бас их замын үүд хаалга болсон газар. Наад зах нь л Дорноговийн аж үйлдвэрийн парк юу болж байгаа бол  гэж хүмүүс сонирхдог, олны анхаарлын төвд байдаг?

-Миний төрөлх нутаг бол  хэн ч харсан тийм л сайхан  нутаг. Т ийм л ирээдүйтэй газар. Сайншандын Аж үйлдвэрийн  парк бол аварга том төсөл. Гэтэл үнэндээ ийм аварга төслийг хялбархан явуулах санаанууд яригдаад явахгүй  байна. Яагаад аварга төсөл  гээд байгаа вэ гэхээр энэ  бол маш том дэд бүтэцтэй.

Төсөл хэрэгжих орчин бүрдүүлэх ёстой. Наад зах нь усны хангамжийг бүрдүүлэх , ёстой. Хэрлэн голын ус гээд Монголоос гадагшаа урсаад гараад явчихаж байгаа их усны 1 илүүдэл, үеэрлэх үе, шар усны  илүүдэл зэргийг нь нөөцлөөд  говь нутаг руу татаж бэлчээрийг  усжуулах, үйлдвэрийн усанд өргөн ашиглах маш Том энэ  төслийг хэрэгжүүлэх ёстой.

Мөн эрчим хүчний гурваас  доошгүй эх үүсвэрүүд бий болгох хэрэгтэй. Тэгж байж энэхүү Аж үйлдвэрийн паркийн  том төсөл явна. Дээр нь төмөр замын бүх бүтээн байгуулалтыг хийх ёстой. Энэ бүх хөрөнгө оруулалтыг татах, босгох ажил бол үнэхээр том төсөл.

Гэтэл бид зөвхөн төмөр зам дээрээ будилаад цаг алдаж байна. Ганц үнэн бол энэ бүх ажлууд хийгдэхээс өөр арга байхгүй зүйл. Яагаад гэвэл монголчууд нүүрс, жонш, хүдэр... гээд өчнөөн баялагаа шороо, чулуутай нь холилдуулан зүгээр л ачаад байж болохгүй л дээ. Үүний 60- 70 хувь нь хаягдал болдог.

Бас тээвэрлэлтдээ шатаад байж болохгүй. Тийм болохоор аж үйлдвэрийн паркийн төслийг одоо явуулахдаа өнөөдрийн яваад байгаа уул уурхайн концепцоор явуулж болохгүй байгаа юм.Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бол энэ хаягдаж байгаа 60-70 хувийг бүгдийг нь боловсруулж гаргахыг хэлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл бүгдийг нь боловсруулаад үлдэгдэл шороог нь хүртэл тоосго болго. Ийм л концепцийг ярьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чулуу буталж боловсруулалт хийдэг үйлдвэрүүдийг нэг дор цогцолбор болгоод дунд нь Хаягдал боловсруулах үйлдвэрийг нь барих том цогцолбор юм.

-Өнөөдөр тэгээд энэ бүх төслүүд ямар түвшиндээ явж байна вэ?

-Одоо бол судалгааны түвшинд явж байна. Ер нь бол төмөр замынх нь эхлэлүүдийг тавиад явж байсан. Судалгааны явцад буруу, зөв юм гарвал засаад л явах ёстой. Ажил хийх явцад алдаа гардаг л байх. Алдаагаа засаад явна гэдэг ажил юм. Үүн дээрээ одоо жаахан хурдаа нэмээд явмаар байна. Сүүлийн үед япончууд судалъя гээд судалгаагаа эхэлж байна. Энэ төслийг сэтгэлийн хөөрлөөр богино хугацаанд хийхийг би хувьдаа дэмждэггүй. Ер нь цаг хугацаа зарж хийх ёстой. Дөрвөн жилийн дотор хийх гээд дайраад байдаг. Энэ бол алдаатай болно гэсэн үг. Угтаа бол 10-15 жилээр бүгдийг тооцоод, хараад, шат шатаар урагшаа ахих ёстой. Японы зүгээс энэ төслийг дэмжиж Таван толгой Сайншандын төмөр замын төсөлд хамтран ажиллах санал гарч судалгаа хийж байна.

-Дорноговьд ганц Аж үйлдвэрийн паркийн төсөл ч бус өөр том төслүүд бий?

-Бид өнөөдөр Сайншанд гэж ярьж байна. Сайншандын төслөөс гадна манайд том төслүүд явж байна. Жишээлбэл Монгол Улсад гурван сая тонн цемент хэрэгтэй. Үүнийгээ дотооддоо хийе гэж ярьж байсан. Өнөөдөр тэрийгээ хийчихээд одоо экспортлохгүй бол болохгүй хэмжээнд хүрчихээд байна. Сая манай Өргөн суманд сая тонн цементийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Дахиад Даланжаргалан суманд Засгийн газраас дэмжээд Чингис бондоор санхүүжүүлж сая тонн цементийн үйлдвэр нээх гэж байна. Мандах суманд Цагаан суваргын орд байна. Эрдэнэттэй л дүйцэх хэмжээний төсөл шүү дээ. Тэр бас их урагшаа ахицтай явж байна. Зүүнбаянд 2 сая тоннын хүчин чадалтай газрын тосны үйлдвэр баригдах шийдвэр гарчихпаа. Айраг, Даланжаргалан, Иххэт сумдуудад жоншны үйлдвэрүүд эрчимжиж байна. Энэ мэтчлэн мега төслүүд хөдөлгөөнд орж

-Энэ бүх том төслүүд урагшаа хөдөлсөн, явж байгаа гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгох ёстой. Дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд хүлээлтийн байдалд байхыг үгүйсгэхгүй түүнээс биш царцсан, тодорхойгүй болсон төсөл манай аймагт байхгүй. Бүгд ямар нэг хэмжээгээр ургашаа хөдөлж, явж байна. Аливаа ажлыг хийхэд, ялангуяа иймэрхүү том төслүүд хөдөлж байхад эерэг, сөрөг мэдээллүүд гарч, элдэв яриа заавал дагаж байдаг. Ургашаа хөдлөхгүй, ажил хийгдэхгүй байгаа бол ямарч яриа гарахгүй шүү дээ. Энэ бүгдийн ая данг тааруулж, алдаа оноогоо засаад явж байх нь зөв гэдэгтэй манай аймгийн ард түмэн санал нэг байгаа гэж боддог.

-Олон нийтэд бодит мэдээлэл, зөв ойлголт өгч байхгүй бол популизм хүчээ авч мега төслүүд гацаж, гадны хөрөнгө оруулалтууд дайжихад хүрлээ. Үүнийг л хаа хаанаа бодож байхгүй бол ажил явахгүй юм байна?

-Таны хэлж байгаа зүйлийг одоо ард түмэн ойлгодог, боддог, тунгаадаг болж байна. Манай аймгийн иргэдийн хувьд лав тийм зөв ойлголттой болж байна. Тийм болохоор манай аймагт том төслүүд ямарч байсан ургашаа явж байгаа гэдгийг ам бардам хэлнэ. Цаашдаа хийх зүйл олон байна.

-Таны хувьд ерэн оны шилжилтийн хүнд үед Монгол-Японы хооронд гүүр болж улс төрчийн үүргээ гүйцэтгэсэн хүн. Одоо монгол улсын хөгжлийн тодорхой загвар болсон аймгийг удирдаж байна. Монгол улсын хөгжлийн ирээдүйн загварын хэрхэн багцалж хардаг вэ?

Ерэн оны бэрхшээлтэй хүнд үеийг даван туулахад улсын ачааны хүндээс надад итгэж үүрүүлсэн төр засагтаа баярлаж явдаг. Өнөөдөр улсынхаа эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхайн нэгэн ирээдүйн болсон том аймгийг удирдаад явж байгаа нь бас л их итгэл, их туршлага, дээр нь энэ улс орны ирээдүйд санаа зовних, хөгжлийгөөрийнхөөрөө харж, судлах, улс орны төлөө байнга л сэтгэлээ чилээх төлөвшлийг надад өгчээ. Наад зах нь л Монгол улсын хөгжилд 21 аймгийн хөгжил л голлох үүргийг гүйцэтгэнэ гэж хардаг.

Аймгууд нь хөгжвөл улсын хөгжил шийдэгдэж аяандаа төвлөрөл саарна. Үүнд миний оруулах хувь нэмэр юу вэ гэхээр ядаж удирдаж байгаа Дорноговь аймгаа жишиг аймаг болгоод хөгжүүлчих юмсан гэх хөдөлмөр зүтгэл юм. Өөрт байгаа төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг боловсрол, олон жилийн өмнөөс гадаадын донор орнуудтай ажиллаж байсан туршлага,төсөл хөтөлбөрүүдийн үр дүн гээд аймагт маань хэрэг болох чадвар боломж надад байна. Төрөлх аймаг орноо хэний ч дор оруулчихгүй хөгжүүлчих юмсан гэж бүтэн найман жил нутгийн олон түмнийхээ дунд орж ард иргэдтэйгээ хамтраад санаа бодолыг нь сонсоод хөдөлмөрлөлөө, цаг наргүй нутгийн хүүгийн сэтгэлээр зүтгэж явна. Үүний үр дүнд Дорноговь аймагт хөгжлийн загваруудыг бий болгож байна. Энэ бол миний хийх ёстой үүрэг даалгавар гэж бодож байгаа.

-Танай аймгийн хөгжлийн концепц юу вэ?

-Аймаг бүр хөгжлийн том концепцтой байх ёстой. Бид тогтвортой хөгжил рүүгээ дөхөх юмсан. Үүний хүрээнд “Шинэ Дорноговь” аймгийн Тогтвортой хөгжлийн төлөвлөөгөөг боловсруулаад дөрвөн жил ажиллаж байна. Энэ дөрвөн жилд тогтвортой хөгжилд хүрэхийн тулд дор хаяж таван салбарыг хөгжүүлэхийг зорьсон. Нэгд хүний хөгжил, хоёрт дэд бүтэц, гуравт үйлдвэржилт, тэгээд хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал юм. Өнөөдөр хөдөө орон нутаг хүн ам цөөн байна. Ер нь монголчууд бид гуравхан сая хүн амтай. Гэхдээ энэ уудам газар нутгаа дүүрэн тархаж амьдардаг ард түмэн.

Тэгж байж л хөгжил бодитой болно газар нутгийн бүрэн бүтэн байдал хангагдана. Иймд бүс нутаг алслагдсан аймаг сумдад илүү хөгжлийн боломж олгох учиртай. Аймаг орон нутаг удирдаад төрийн нэгэн том бүтцэд ажиллаж байгаагийн хувьд Монголын төрд ямар зовлон байгааг би биеэрээ мэдэрч, биеэрээ үзэж байна. Хөгжлийн төлөөх, хүний төлөөх бүхий л хууль эрх зүйн зөв орчинг төрөөс батлаж гаргаж гүйцээх ёстой юм. Үнэндээ энэ бүгдийг хийхийн тулд гадаад ертөнцтэй маш өргөн харилцаа холбоог тэлэх ёстой. Хөдөө орон нутгийн хөгжлийг цэгцтэй, бодлоготойгоор хөгжүүлж байж нийслэлийн хүндрэл болчихсон төвлөрлийг, ядуурлыг, ер нь хөгжилд саад болж байгаа бүгдийг саармагжуулж, орон нутаг руу хүмүүсийн урсгалыг шилжүүлэх нь нэн ойрын зорилт болгох учиртай юм.

-Сүүлийн үед “Ардын үг” аяныг Ийгл телевиз танай аймагт зохион байгуулж танай аймгийн ард иргэдийг Засаг даргадаа муу үнэлгээ өглөө гэж орон даяар цацлаа та энэ талаар тайлбар өгнө үү.

-Энэ бол аймгийн ард иргэдийн хийж бүтээснийг харлуулах, бүтээн байгуулалтын ажлуудыг бүдэгрүүлэх зорилгоор зохион байгуулалттайгаар хийгдсэн ажил бөгөөд дорноговьчуудыг цианит натритай ус ууж, цахилгаангүйгээсээ болж сёлж саринадаг ард түмэн мэтээр гүтгэн доромжилсонд Дорноговь аймгийн жирийн ард иргэд жигшин дургүйцэж цаад санаа эзнийг нь олуулахаар хуулийн байгууллага хэвлэл мэдээлэлд хандаад байна. Тэр аяны хүрээнд, ярилцлагад хүмүүсийг зориудаар сонгон оролцуулж, хоол өгч, оролцсон хүн бүрт 20000 төгрөг тарааж байсан бичлэгийг сошиалийн мэдээнээс хараад үнэхээр харамсалтай санагдлаа.

Аймаг орон нутгийн удирдлагын хувьд би энэ хууль бус үйл ажиллагааг холбогдох байгууллагуудад хандажэцэслэн шийдвэрлүүлэх болно. Аймаг орон нутаг ард иргэдийн амжилт бүтээлийг Засаг төрөөс өндрөөр үнэлж Тэргүүний аймаг, тэргүүний салбарын хамт олноор удаа дараа шалгаруулсан. Мөн энэ гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэрээ өөрийн биеэр иргэдийн уулзалтан дээр манай аймгийг аялал жуулчлал, гадаад харилцааны тэргүүлэгч аймгаар шалгаруулсанаа зарлаж “Соёрхол” гардуулсан. Энэ бүхэн Дорноговьчууд бидний ажлын үр дүн, төрөөс үнэлж байгаа том үнэлэмж юм гэж үзэж байгаа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

-Баярлалаа, “Өдрийн сонин”-ы хамт олондоо Дорноговьчуудынхаа өмнөөс ажлын амжилт хүсье.