Улс төр ба эмэгтэйчүүд
2016.04.05

Улс төр ба эмэгтэйчүүд

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноороо очих ёстой, ингэснээр улс төрд эрчүүдийн бий болгосон хурц тод өнгийг уусмал нэгдмэл болгож солонгоруулдаг-

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний чуулган өчигдөр (2016.04.04) Соёлын төв өргөөнд боллоо. Үндэсний гээд тодотгоод байгаагийн учир нь уг чуулганд  330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн  ИТХ-д сонгогдсон 2200 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл 600 гаруй хүн оролцсон болохоор тэр. Уг нь энэ чуулган шинэ зүйл биш. 2011 онд ч, 12, 13,14 онд ч яг энэ сэдвээр чуулж л байсан, хүүхнүүд. Жендерийн тэгш байдлын үндэсний хорооноос зохион байгуулдаг энэхүү чуулганы үр дүнг дүгнэж цэгнэхээсээ илүүтэй ярьж хэлэлцэж байгаад нь талархмаар. Энэ жилийн хувьд чуулган хууль тогтоох ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

Өнөөдөр Монголын боловсролын салбарын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 81.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улс орны хоёр чухал салбарт л гэхэд дийлэнх олонхыг эзэлж буй эмэгтэйчүүдэд улс төрийн сонгуульд нэр дэвших, анхан шатны нэгжид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж бололцоо нээгдэж байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Мянга мянган эмэгтэйчүүдээ төлөөлөн парламентад сууж буй УИХ-ын гишүүдийн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганы индэр дээр хэлсэн үгнээс эшлэн хүргэе.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Мартын 8-наар мянган ээжийн баярын арга хэмжээнд оролцож, эхчүүдэд хандаж хэлсэн үгэн дотроос надад нэг үг маш тодоор хоногшин үлдсэн. “Эмэгтэйчүүд байгаа газар эмх цэгц тогтдог” . Эмэгтэйчүүд байгаа газар уур амьсгал эерүү зөөлөн байдаг. Эмэгтэйчүүд байгаа газар цэвэр цэмцгэр байдаг. Эмэгтэйчүүд байгаа газар арга билэг зохицолдож, амьдрал илүү утга учиртай болж байдаг.

Би энэ үгсийг эмэгтэйчүүд биднийг баярлуулахын тулд хэллээ гэж бодоогүй. Харин би үнэн үг хэллээ гэж бодож суусан. Та бүхэн бас энэ үгсийг нэг удаа сонсоод өнгөрөлгүй тэмдэглэж аваад утга учрыг нь бодож бясалгаарай. Энэ үгсийг эш татаж байгаа нь бас миний ярих сэдэвтэй шууд холбогдож байгаатай холбоотой. “Эмэгтэйчүүд ба засаглал”. Засаглал гэдэг үгийн цаана олон агуулга давхар сонсогддог.

Засаглал зарим хүнд эрх мэдэл гэж сонсогддог. Засаглал зарим хүнд албан тушаал гэж сонсогддог. Засаглал тэр ч бүү хэл зарим нэгэнд нь бүр өөрийнхөө амьдралыг өөд татах арга хэрэгсэл ч гэж төсөөлөгддөг.

Тэгвэл би хувьдаа засаглалыг “эмх цэгц” гэдэг утгаар ойлгодог. Эмх цэгц тайван тогтвортой байдлыг бий болгодог. Эмх цэгц амар амгалан амьдрал, хөгжил дэвшлийг бий болгодог. Биднээс түрүүлж хөгжсөн, бидний үлгэр жишээ болгодог улс үндэстнүүдийн хөгжлийн нууц юу байв аа гээд харвал үнэндээ эмх цэгц, дэг журам, тэдгээрийг бий болгосон нарийн тодорхой хууль, дүрэм журам, хуулиа, дүрэм журмаа мөрдөх сахилга бат л байгаа.  Эмэгтэйчүүд бидний сэтгэлд бий болсон эмх цэгц бидний гэр бүлд, бидний үр хүүхдийн амьдралд эмх цэгцийг бий болгоно, улс оронд маань эмх цэгцийг буй болгоно.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-2012 оны УИХ-ын сонгууль хувь тэнцүүлсэн хувилбарыг хослуулсан холимог сонгуулийн системээр явагдаж энэ нь эмэгтэй улс төрчдийн хувьд ээлтэй байснаар эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль тогтоох хуралд 3.9 хувиас 14.5  хувь болтол өсч 11 эмэгтэй гишүүнтэй болсон нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн үр дүн байсан юм. 

Шийдвэр гаргах түвшний шат шатны байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн боловч энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн шууд оролцоо өссөнийг илэрхийлж байна гэж дүгнэж болохгүй юм. Бид “эмэгтэйчүүдийн квот” бүгдийг шийдвэрлэж чадахгүй байгааг өнгөрсөн сонгуулийн туршлагаас харлаа. Тиймээс бид зөвхөн квотын хэмжээнд найдалгүй өрсөлдөх чадвараа сайжруулах нь манлайллын нэн чухал шинж гэдгийг анхаарах цаг болжээ.Өрсөлдөх гэдэг бол арцалдах, сөргөлдөх эсвэл барьцах тухай асуудал биш гэдгийг 20 жилийн улс төрийн амьдралын минь түүх надад үргэлж хэлж байсан. Эмэгтэйчүүд өрсөлдөхдөө бусадтай бус өөртэйгөө өрсөлдөж ялах, өөрийнхөө байсан түвшинээс өндөрт гарч өсөх нь чухал байна. 

Улс төрч болоход биднийг эмэгтэй юм даа гэж толгой илдэггүй. Илүү хатуу ширүүн өрсөлдөөн дунд явдаг. Эмэгтэйчүүд улс төрийн манлайлагч болж өсөж хөгжсөнөөр бусад эмэгтэйчүүдийнхээ бартаат замыг засаж, чиглүүлж гэрэлтүүлж байдаг. Бид нэгэн тойрогт багтаж нэгнийгээ хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой. Үүнийг би том эрх ашиг гэж ойлгодог. Гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадсан ямар ч эмэгтэй хүн улс орныхоо төлөө тууштай ажиллаж  чадна гэж Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд М.Тэтчер хэлсэн нь бий. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 

-Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаагаас  гадна  үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орныхоо ажлыг давхар нуруундаа үүрч байдаг эмэгтэйчүүд бидэнд хаана байгаагаасаа үл хамаааран асуудлаа хамтран шийдэх асар том боломжийг шинэ зууны цахим ертөнц буюу “зөөлөн дэд бүтэц” олгож байна. Өнөөдөр цахим ертөнцөд үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон группүүд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр ашигтай, амьдралд хэрэгтэй, сургамжтай зөвлөгөө, нөү хау, амьдралын түүхүүд, шийдэл хичнээн олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж, урамшуулж, зоригжуулж байгааг тооцож баршгүй. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн эрх ашгийг нэгтгэсэн цахим сүлжээнүүд амжилттай ажиллаж байна. Тиймээс бид “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг“ санаачлан эхлүүлж байна. Энэ бол хэн нэгний, аль нэг намын бус Монгол эмэгтэйчүүдийн асуудлаа хамтран хэлэлцэж шийдэх индэр байх болно. Эрчүүд алсын онч хараатай байдаг бол эмэгтэйчүүд бид хараандаа бүх асуудлыг зэрэг байлгах чадвартай гэлээ.  

УИХ-д эмэгтэйчүүдээ төлөөлөн суугаа төрийн түшээд ийн өгүүлж байна. Гишүүд өөр өөрийн харж уй өнцгөөс улс төр дэх эмэгтэйчүүдийн байр суурийг үнэлж цэгнэв. Зарим нь боломжигй ашиглаад улс орныг хамарсан цахим аяны эхлэлийг тавьж амжив. Ямартай ч эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноороо очих ёстой, ингэснээр улс төрд эрчүүдийн бий болгосон хурц тод өнгийг уусмал нэгдмэл болгож солонгоруулдаг гэдгийг илэрхийлж байлаа.

Манай улсын хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо байр суурь жилээс жилд нэмэгдэж байгааг УИХ дахь суудлын тооноос харж болно. УИХ-д  1992 онд 293 хүн нэр дэвшиж  гурван эмэгтэй  парламентад суусан бол 1996 онд 302 нэр дэвшигчийн  найм, 2000 онд 602 хүн нэр дэвшсэний ес  нь эмэгтэй, 2004 онд 244 нэр дэвшигчийн таван  эмэгтэй сонгогдож, төр түшилцсэн.  Харин сүүлийн хоёр сонгуулийн статистикийг харвал 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байж  гурав УИХ-д сонгогдсон бол  2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь өдгөө чуулганы танхимд чимэг болон сууж буй билээ. Олон улсын хэмжээний  эмэгтэй парламентчдийн дунджаас (21.9 хувь) доогуур үзүүлэлт боловч урьд өмнөх сонгуулиудаас харахад чамлахааргүй үнэлгээ юм. Энэхүү амжилтаа бататгах уу, буцаагаад алдах уу гэдэг эгзэгтэй мөч хаяанд иржээ.