Гэр бүлийн хүчирхийлэгч хуулиас гадуур үлдэхгүй
Хуулийн нэр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр: 2014.05.28
Хуулийн бүтэц: 6 бүлэг 42 зүйлтэй
Энэ хуулийн төслийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд төрийн болон ТББ, иргэд, аж ахуй нэгжүүдийн үүрэг, оролцоог тодорхой болгох, өргөжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн аюулгүй байдлыг хангах, ингэснээр хамтын ажиллагаанд тулгуурласан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамж бүхий эрх зүйн орчин, тогтолцоог бий болгох зорилгоор боловсруулсан байна.
Хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд УИХ, Засгийн газар, түүний дотор ХЗ-н яам, ХАХНХ-ын яам, БСШУ-ны яам, ЭМ-ийн яам, тэдгээрийн агентлагууд, соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, прокурорын байгууллагууд, бүх шатны ИТХ, Засаг дарга нар, Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, ТББ-ууд зэрэг олон субъектуудын үүргийг нарийвчлан заажээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл нэг яамны, нэг хэсэг хүмүүсийн хариуцах асуудал биш болов. Тухайлбал боловсролын байгууллага хичээлийн хөтөлбөртөө зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах тухай агуулгыг оруулна.
... Хичээлийн байр, дотуур байрны орчинд хүчирхийллээс сэргийлсэн дүрэм, журам боловсруулах ёстой ....
Мөн сургууль болон сурагчийн гэр бүлийн орчин дахь хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагад өгч байх үүрэгтэй. Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд хэвлэлийн контент, уран зохиол, дуу, кино зэрэг урлаг, уран сайхны бүтээлд хүчирхийллийн шинжтэй агуулга орохоос сэргийлэх үүрэгтэй.
Хохирогчийг хамгаалах хамтарсан баг гэж юу вэ?
Хамтарсан баг нь цагдаа, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллагын төлөөлөл, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, ТББ-ын байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд Засаг даргын удирдлаган дор ажиллана. Тиймээс хуулийн төсөлд бүх шатны Засаг дарга нарын хүлээх үүргийг нэлээн өргөн агуулгаар тусгаж өгчээ.
... Хэрэв багш нар, эмнэлгийн ажилтан, баг, хороо, сум, дүүргийн албан тушаалтан, гэрээгээр ажиллаж байгаа ТББ-ын төлөөлөл, иргэн, хуулийн этгээд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол, эсвэл үйлдэгдэж болзошгүй байдлыг олж мэдсэн бол тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй ...
Хэрэв цагдаа эзгүй байвал Засаг даргад мэдэгдэнэ. Мэдээллийг амаар болон бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Цагдаа, Засаг дарга мэдээлэл өгсөн хүнийг нууцална. Цагдаагийн ажилтан хүчирхийлэгчид шаардлага тавих, шаардлага биелүүлэхээс татгалзсан, эсэргүүцсэн тохиолдолд хүч хэрэглэж болно.
Сум, багийн Засаг дарга хүчирхийлэгч этгээдийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавьж, сануулга өгнө. Хэрэв шаардлагатай бол хохирогчийг гэр оронд нь аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, эсвэл хамаатныд нь түр байрлуулна. Хохирогч бие махбод, сэтгэл санааны ноцтой хохирол амссан бол түүний зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч нийгмийн ажилтанд хүлээлгэж өгнө. Нийгмийн ажилтан хохирогчийг хүлээж аваад сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулах зэргээр хамтарсан багийн ажлыг зохион байгуулж хэрэгцээтэй бүх тусламж хүргэнэ. Хамтарсан баг нь хохирогчид дараах төрлийн тусламжуудыг үзүүлнэ. Үүнд:
- Аюулгүй байдлын хамгаалалт,
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээ,
- Сэтгэл зүйн эмчилгээ,
- Нийгмийн халамжийн үйлчилгээ,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ,
- Хууль зүйн туслалцаа зэрэг орно.
... Түр хамгаалах байрны байршил нь нууц байна. Тус байрыг хамгаалах үүргийг цагдаа, эсвэл гэрээт хамгаалагч гүйцэтгэнэ. Хамгаалах байрны байршлыг мэдсэн хүн бусдад энэ тухай задруулах ёсгүй ...
Хамгаалах байранд болон нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа хохирогч хүчирхийлэгчтэй уулзах шаардлагатай бол хохирогч өөрөө хүсэлт гаргаж болно. Хохирогчийг хамгаалж буй хамтарсан баг нь хохирогчийн эрх ашиг, түүнд учирсан аюулын зэргийг харгалзан хүчирхийлэгчтэй уулзуулах эсэх шийдвэр гаргана. Хэрэв хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол хүчирхийлэгч хохирогчтой уулзах эрхгүй.
Ийм байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог шат шатандаа бий болговол хүчирхийлэгчид хуулийн гадна үлдэж, олон хүн гэр бүлийн хүчирхийллээс болж эрх нь зөрчигдөх, эрүүл мэнд, амь насаараа хохирол багасна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.