Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зээл өгөхөөс татгалзвал хуулийн хариуцлага хүлээнэ
2016.03.17

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зээл өгөхөөс татгалзвал хуулийн хариуцлага хүлээнэ

Хуулийн нэр: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2015.11.06

Батлагдсан он.сар.өдөр: 2016.02.05

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр:

Хуулийн бүтэц: 12 бүлэг 45 зүйлтэй

Өмнө үйлчилж байсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай” хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний зөвхөн төрөөс авах тусламж, үйлчилгээг голчлон зохицуулж байжээ. Харин шинээр баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулиар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхахаас хамгаалах, тэдний бие даан хөгжих, бусадтай адил сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд оролцох эрхийг хангаж өгчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхсан гэж үзэх тохиолдлууд

Уг хуульд нэлээд олон тохиолдлыг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхалтад тооцсон байна. Үүнээс зарим заалтыг онцлоё. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ) нийтийн тээврээр чөлөөтэй зорчих, аливаа барилга байгууламжид саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлээгүй бол ялгаварлан гадуурхалт болно. Сургуулиуд хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалж сургахаас татгалзах, сурах нөхцлийг бүрдүүлээгүй бол мөн үүнд хамаарна.

... Компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзсан, сонгон шалгаруулалтад тэнцсэн ч ажилд аваагүй, албан тушаал ахих боломжийг хаасан, ялгавартай цалин тогтоосон, ялгавартай дүрэм, журам баталсан тохиолдолд ялгаварлан гадуурхалтад тооцно ...

Санхүүгийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл олгохоос татгалзвал хуулийн хариуцлага хүлээхээр тусгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үр хүүхдээ асрамжиндаа авах эрхийг хязгаарлах хориотой.

Эдгээр болон бусад ялгаварлан гадуурхсан тохиолдлууд зөрчлийн, гэмт үйлдлийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөтэй зорчих, сурах, хөдөлмөрлөх эрхийг нэмэгдүүлэв

Тус хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн дэд бүтцийг бий болгох үүднээс орон сууц, нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг нь тухайн хүнд хүртээмжтэй, саадгүй хүрэхээр зохион байгуулагдсан байх ёстой гэж заасан. Үүний тулд Барилгын хуулиас эхлээд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагад нийцсэн зам, барилга, нийтийн тээврийн стандартуудыг “Стандарт хэмжил зүйн үндэсний төв” батална.

.... Орон сууц, нийгмийн дэд бүтцийн барилга ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүний дөрөвний нэгд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах ТББ-ын төлөөллийг заавал оруулах ёстой ....

Тус хуульд эдгээр хүний мэдээлэл авах, сурч боловсрох эрхийг нарийн тодорхойлж өгчээ. Жишээ нь төрийн байгууллагын цахим хуудас нь тухайн хүд мэдээлэл чөлөөтэй авах боломжтой байх ёстой. Мөн төрөөс сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессеж, дохионы хэлмэрч,  ярианы тусламжтай хандаж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

... Бүх шатны боловсролын байгууллага хөгжлийн бэрхшээлээс нь үл хамаарч хүүхэд, залуучуудыг сургах, тэдний шаардлагад нийцсэн сургалтын нөхцлөөр хангаж ажиллахаас гадна төгсөгч хөгжлийн бэрхшээлтэй оюутныг ажилд зуучлах үүрэг хүлээж байна ...

Хуулийн дараагийн нэгэн чухал хэсэг бол тэдний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтууд. Юун түрүүнд тухайн хүнийг ажиллуулж буй хувь хүн, байгууллагыг төрөөс татвараар дэмжинэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардлагатай зүйлсийг худалдан авах мөнгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас нэг удаа олгоно. 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж нь “Хөдөлмөрийн тухай” хуульд зааснаар нийт ажилчдын дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой.

3ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
С.Ойдов 1990-иэд онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн халамж авдаг хүмүүс гэж хардаг байснаа 2000-оод онд хамгаалах юм байна хэмээн үздэг болсон. Харин сая батлагдсан хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн нь зөвхөн нийгмийн халамжлуулах, хамгаалуулахаас гадна бусдын адил хөгжих, боловсрол эзэмших, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл авах эрхтэй хүмүүс гэдгийг тунхагийн шинжтэй бус шаардах хэмжээнд аваачиж хариуцах ёстой байгууллагуудыг нь зааж өгсөн.

2016.04.15

Б.Гэрэл Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг “Бие эрхтний бэрхшээл + орчны саад + хүмүүсийн үл ойлгох, ялгаварлан гадуурхах байдал” гэж тодорхойлдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль бол нэгэнт төрмөл болон олдмол хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд орчны саад, хүмүүсийн үл ойлгох байдлыг арилгахад том алхам болсон гэж үзэж байна.

2016.04.15

Э.Тамир “Танай, манай салбарын” гэж хууль байхгүй. Монгол Улсын хуулийг бид бүгд л биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм ч учраас энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төрийн захиргааны төв болон бусад байгууллагаас хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, түүнчлэн салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлэх бүтцийг бий болгохыг зорьсон.

2016.04.15