Х.Баттулга Хууль зүйн сайдаас тусламж хүсчээ
2016.03.21

Х.Баттулга Хууль зүйн сайдаас тусламж хүсчээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах бүсгүйчүүдийг саатуулж, байцаалт авсан.

Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед туслахаа нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-нд саатуулж, хорих хугацааг 14 хоногоор сунгаад буй. Мөн түүний туслах Ш.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт баривчилсан ч сулласан байна. 

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулжээ. Тэрбээр "өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг дурдаж" энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хуульзүйн сайдаас хүсчээ.  

Энэ асуудлаар Хуульзүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт албан бичиг илгээжээ. Тус бичигтээ "улс төрийн зорилготой, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүний эрхийг зөрчих эрх хэнд ч олгогдоогүйг анхааралдаа авч, тухайн хэрэг дээр биечлэн хяналт тавьж ажиллахыг хүсье" гэжээ.