Тойрогтоо хамгийн их ажил хийсэн УИХ-ын гишүүд
2016.03.18

Тойрогтоо хамгийн их ажил хийсэн УИХ-ын гишүүд

Монгол улсад байнгын ажиллагаатай анхны парламент Улсын Бага Хурал байгуулагдсанаас хойш 26 жил өнгөрч байна.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 608 орчим УБХ, УИХ-ын гишүүн сонгогдож байв. Үүнээс 3 ба түүнээс дээш удаа сонгогдон ажилласан парламентч маш цөөхөн. Нэг тойрогтоо л үнэнч байж, улиран сонгогдсон гэвэл бүр гарын хуруунд л багтах төдий. Дийлэнхи нь л тойрог сэлгэж, энд тэндээс сонгогдсон буюу амлалтаа хийдүүлэгсэд байдаг. Монгол улсын Үндсэн хуулинд : " УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.- гэсэн тов тодорхой заалт бий.

Гэхдээ өөрийн сонгогдсон тойрогтоо сэтгэл гарган ажиллаж, байнгын эргэх холбоотой байж, хөрөнгө оруулалт, төсвийн  санхүүжилтийн асуудлыг  хамгийн сайн шийдүүлдэг гишүүдэд иргэд ам сайтай байдаг нь нууц биш. Үүнийг ч шууд үгүйсгэх аргагүй бөгөөд тойргийн сонгогчид гэдгийн цаана л чухамдаа нийт иргэн, ард түмний маань л нэг хэсэг байгаа. Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Эрдэнэ гээд өөрсдийн сонгогдсон тойрогтоо хамгийн их сэтгэл гарган ажиллаж байсан олон гишүүд бий.

Тэгвэл энэ  парламентын дөрвөн жилийн хугацаанд ч тойрог, тойрог гэдэг гишүүдийн тоо нэмэгджээ. Энэ нь Хөвсгөл аймгаас 1 удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Энх-Амгалан, Чингэлтэй дүүргээс 2 удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Сайд, АН-ын ҮЗХ-ы гишүүн Г.Баярсайхан нар юм. Байнгын шахуу л иргэд, сонгогчидтойгоо уулзаж, жижиг гэлтгүй л тусалж явдаг тэд УИХ-ын чуулганы хуралдаанаас эхлээд албан уулзалтын үеэр ч  байнга л өөрийн тойрогтоо хөрөнгө оруулалт татах тухай яриа хийж явдаг аж. Өмнө нь бизнес эрхэлж байсантай нь холбоотой мэт ч хамгийн гол нь сэтгэл гэж түүнээс ч чухал зүйл байдгийг нь мэдэх сонгогчид нь ч Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан нарт ам сайтай байдаг юм билээ.