Хөдөлмөрийн сайд төв цэвэрлэх байгууламжийн 170 гаруй ажилчны асуудлыг шийдвэрлэлээ
Хөдөлмөрийн сайд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2016.03.21

Хөдөлмөрийн сайд төв цэвэрлэх байгууламжийн 170 гаруй ажилчны асуудлыг шийдвэрлэлээ

Төв цэвэрлэх байгууламжийн 170 гаруй ажилчин цэвэрлэгээний 300 орчим химийн нэгдэлтэй орчинд ажилладаг аж.

Мөн энд мэргэжлийн байгууллагынхан МЫ8 108 10359-2; 2002, МИ8 108 15587-2;2011 стандартын дагуу шинжилгээ хийхэд хар тугалга, хром зэрэг хүний биед хортой есөн металл илэрсэн   байна.

Иймээс энд ажиллаж буй хүмүүсийн зарим нь гурван жилийн дотор мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдгийг мэргэжлийнхэн хэлжээ.

Тодруулбал, мэргэжлийн байгууллагын тогтоосноор Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй уснаас есөн төрлийн хүнд металь илэрдэг бөгөөд хүнд металийн хордлогын үр дагавар хүний биед шууд илрэхгүй ч хожим бие эрхтнийг нь хордуулдаг хэмээжээ. Иймээс ч тус байгууламжийн удирдлагууд болон ажилчид хүнд, хортой нөхцөлд ажилладаг нь үнэн тул зарим нэг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг төр засгаас олон жил хүссэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байжээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүхээр ахлуулсан хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, химич, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч зэрэг мэргэжлийн баг Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Хөдөлмөрийн сайд хэлэхдээ “Би эмч хүний хувьд энд ажиллаж байгаа хүмүүсийг хортой бус онц хортой нөхцөлд ажиллаж байна гэж үзэж байгаа. Тиймээс Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүхэд цэвэрлэх байгууламжийн ажилчдын ажлын байрыг судалсан дүгнэлт яаралтай гаргахыг үүрэгдлээ. Дүгнэлт гарсны дараа ажилчдын нөхцөлийг хүндээс хортойд шилжүүлэх болно” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.

undefined

Дээрх ажлын хэсгийн тухайд нэг сар орчмын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 15-н гэхэд нөхцөлийн үнэлгээ хийх бөгөөд нөхцөлийг өөрчлөх тушаалыг Нийгмийн хамгааллын сайдтай хамтран гаргах ажээ. Үүгээр ч зогсохгүй энэ ажлын үргэлжлэл болгон хүнд, хортой нөхцөлийн жагсаалтыг шинэчлэн тогтооно гэдгээ Хөдөлмөрийн сайд мэдэгдсэн юм.

Мөн Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүх энэ үеэр “Сайд үүрэг өглөө. Бид ажлын хэсэг гаргасан байгаа. Ирэх долоо хоногоос эндэхийн бүх ажлын байранд хэмжилтүүд хийнэ. Ажлын орчинг хортой нөхцөлд оруулахаас өөр аргагүй байгаа нь тодорхой байна” хэмээсэн юм.

Юутай ч Г.Баярсайхан сайд ийн ажлын хэсэг гаргаж тэндэхийн ажилчдын ажиллах нөхцөлийг хортойд шилжүүлснээр тус  байгууламжийн ажилчид хуульд заасан тэтгэвэрт гардаг наснаас өмнө тэтгэвэртээ гарах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна удаан хугацааны турш гацчихаад байсан хүнд нөхцөлийн нэмэгдэл болох 120 төгрөгийг 1000 төгрөг болгох асуудалд анхаарал хандуулан ажиллахаа Хөдөлмөрийн сайд мэдэгдсэн бөгөөд үүнд Төв   цэвэвлэх байгууламжийн ажилчид үүнд сэтгэл хангалуун байсан.

undefined

Тэдний өгүүлснээр сүүлийн хэдэн жил хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үүнд төр засгийн бодлого шийдвэрийг хандуулах шаардлага өмнө нь тулгамдаж  байсан аж. Иймээс ч тэд салбарын энэ шийдвэр цаг үеэ олсон гэдгийг хэлж байлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн тухайд Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрийн бохир усыг авч механик, биологи цэвэрлээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлж Туул голд үүрэгтэй. Гэвч энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тоног төхөөрөмж, хүчин чадал нь муудсаар байгаа юм. Уг нь энэ асуудалтай холбогдох албаныхан байнга танилццаг.

Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг дарга зэрэг албаны хүмүүс танилцаж тус байгууламжид шинэчлэлт, засвар хийнэ гэдгийг хэлсэн. Гэвч энэ үеэр тус байгууламжийн хамгийн чухал зүйл болох ажилчдын тухай асууцал хөндөөгүй үлдээсэн.

Тодруулбал, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн халамжийн асуудал анхаарлын гадна үлдсэн юм. Тэгвэл Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Улсын хэмжээнд аюулын харанга дэлдээд буй Ус сувгийн Удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын ажлын байрны орчин нөхцөлтэй танилцаж мөн тэдний өмнө тулгараад буй хамгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чадлаа.