ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 60 дугаар чуулганд оролцож байна
2016.03.17

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 60 дугаар чуулганд оролцож байна

    Нью-Йорк хотноо 2016 оны 3 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭБАК)-ын 60 дугаар чуулган "Эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал ба тогтвортой хөгжлийн уялдаа холбоо" сэдвийн дор болж байна.

    2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ЭБАК-ын чуулганы Сайд нарын хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахаар сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дотор эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахад ихээхэн ач холбогдол бүхий зүйл заалттай хуулиудыг баталсан талаар мэдээлэл хийсэн юм.

     Тодруулбал,  “Эрүүгийн”, “Сонгуулийн тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг, “Зөрчлийн тухай” хууль, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг шинээр баталсан зэрэг эрх зүйн чиглэлийн алхмууд, нийгмийн хөгжлийн хүрээнд нийгмийн даатгалд хүн амыг бүрэн хамруулж, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлсэн, үр өгөөжтэй тогтолцоо руу шилжсэнээр ядуурлаас бүрэн ангижрах, орлогын эрх тэгш бус байдлыг багасгаж, нийгмийн бүтцэд чинээлэг дундаж давхаргыг бэхжүүлэх, эх, нялхсын эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ болон бүх шатны боловсролын тогтолцоо нь дэлхийн стандартад хүрснээр иргэд нь урт насалж, эрүүл, чийрэг аж төрж, нийгмийн ухамсартай, соёлтой, насан туршийн боловсролтой болох асуудлыг шат дараалан шийдсэн байхаар төлөвлөсөн зэргийг дурдсан нь улс орны төлөөлөгчдийн анхаарлыг татаж байлаа.

    Комиссын хурлын хүрээнд Сайд нарын дугуй ширээний ярилцлагууд болж, 10 гишүүн улс (Бразил, БНХАУ, Коста Рика, Египет, Эстони, Япон, Румын, Швед, Тунис, Турк) охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй тухай үндэсний сайн дурын илтгэл хэлэлцүүлэв. Мөн жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг боллоо.