БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг “Ай Ти Би” Аялал жуулчлалын Олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр оролцлоо.
2015 онд Монгол Улс энэхүү үзэсгэлэнд албан ёсны “Түнш орон”-оор оролцсон бөгөөд энэ удаагийн түншээр 350,000 хүн амтай Мальдивийн арал улс сонгогдсон байна.
1966 онд 580 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 9 орны төлөөлөлтэй байсан энэхүү үзэсгэлэн нь 50 жилийн ойгоороо 185 орны 10.000 гаруй оролцогчтой аялал жуулчлалын салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн болж өргөжсөн болно.
“Ай Ти Би 2016” үзэсгэлэнг Берлин хотын захирагч ноён Михаэл Мюллэр, үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал ноён Кристиан Гёке, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ирис Глайке, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михаэл Фрэнцэл нар нээж, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга (UNWTO) Талеб Рифай, Мальдив Улсын Аялал жуулчлалын сайд Мууса Замээр нар хүндэт зочноор оролцон мэндчиллээ.