Их Британи Европын Холбоог орхивол юу болох бол?
Их Британийн Ерөнхий Сайд Дэвид Камерон
2016.03.16

Их Британи Европын Холбоог орхивол юу болох бол?

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь Европын Холбооноос гарахаар бол АНУ-ИБУИНВУ харилцаа өмнөх шигээ онцгой байж чадахгүй.

Лондон хот санхүүгийн төв байхаа больж, ХБНГУ болон Их Британийн хооронд худалдааны дайн үүсэх магадлалтай.

Энэ бол худалдааны түүхэн харилцаанд цэг тавьж мэдэхээр том асуудал. ИБУИНВУ-ын ард иргэд энэ зун ‘ЕХ-оос гарах эсэхийг шийдэх’ санал хураалтанд оролцох болно. Тэдний хувьд улс орныхоо дотоодын төдийгүй гадаад харилцааны ирээдүйд маш том нөлөөлөх шийдвэр гаргах цаг хаяанд ирлээ. Тус санал хураалтын үр дүнгээс хамаарч “Их Британийн төдийгүй ЕХ-ны эдийн засаг унах эсэх” нь шийдэгдэх билээ.

43 жилийн тэртээ гар бие оролцон хамтран байгуулсан холбоогоо Лондонгийн Засгийн газар орхих бодолтой байна. Үүнийг олон улсад ‘Brexit’ хэмээн нэрших болсон.

...Хэдэн арван жилийн туршид Европ тивээр чөлөөтэй зорчдог байсан Их Британийн иргэдийн хувьд хил давах гэдэг чирэгдэлтэй асуудал болжээ...

Цаашид Европын бараанууд тус улсын зах зээлд өснө. Учир нь Их Британийн мөнгөн тэмдэгт ‘паунд стерлингийн’ ханш унах төлөв ажиглагдаж байна.  Хоёрдугаар сарын 21-нд стерлингийн ханш 2009 оны Их Британийн банкны хямралаас хойшхи хамгийн доод түвшинд очив. Мөн тэдний хайртай хөлбөмбөгийн спортод уг асуудал хүчтэй нөлөө үзүүлж магад. Визний асуудлаас болж, Европоос тамирчид авчрах асуудал бас л чирэгдэлтэй болно.

Гэтэл ЕХ-оос гарах асуудлыг дэмжигчид өөр байр суурьтай байна. Учир нь ‘Их Британийн нийгмийн халамжийн системд гажуудал үүсгэх цагаачид Европ тивээс ирэхгүй’ гэж тэд үзэж байна. Европ дахь Сирийн цагаачдын асуудлыг Лондонгийн биш Бельгийн Брюссель хот дахь ЕХ-ны удирдлагуудад шууд хариуцуулах юм байна. Мөн Их Британийн Засгийн газар илүү эрх чөлөөтэй болох боломжтой.

...Тэд Энэтхэг, БНХАУ, АНУ-ын Засгийн газартай худалдааны асуудлаар бие даан хэлэлцээр өрнүүлэх боломжтой гэсэн байр суурийг тэд баримталж байна...

Эдгээрээс гадна Их Британийн эдийн засгийн ирээдүйд нэг том хүндрэл учрах боломжтой. Тэд ЕХ-г орхих аваас ‘Транс-Атлатик худалдаа болон хөрөнгө оруулалтын түншлэл’ хөөс болон замхарч мэднэ. Энэхүү түншлэлийн талаар АНУ-тай өнгөрөгч онд хэлэлцээр өрнүүлээд байсан. /АНУ болон Европ тивийн хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах зорилготой байсан./

Гэхдээ энэ бүхэн таамаглал төдий зүйл. Учир нь Их Британи нүүр буруулмагц юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй.

Учир нь өмнө нь хэн ч ЕХ-г орхиж байгаагүй билээ. АНУ-ын ‘Сити групп’ хөрөнгө оруулалтын банкнаас ‘Их Британи, Европын түншүүдийн хоорон дахь худалдааны гэрээ хэлэлцээрүүд үгүй болсноор хоёр талд сөрөг үр дагавар гарна’ гэж тооцжээ. Их Британиас Европт нийлүүлдэг барааны 45% нь, ЕХ-ны нийт барааны 16% нь эрсдэлд орох магадлалтай.  Түүнчлэн Европын Холбоо нь 3 триллион ам.долларын алдагдалд орох төлөвтэй байна. Тэдний хувьд Их Британи бол ХБНГУ-ын дараа ордог томоохон эдийн засаг билээ.

ХБНГУ-ын канцлер А.Меркелийн дотны хамтрагч, ХБНГУ-ын парламентийн гишүүн Гюнтер Кришбаум “Англи улс нүүр буруулах аваас Германд орж ирэх экспортын барааг татвараар дарж, худалдааны дайн эхлүүлнэ” хэмээн сүрдүүлээд байна. Мөн Италийн ерөнхий сайд Маттео Рензи “Их Британийг ЕХ-нд үлдэнэ гэж найдаж байна. Хэрэв үгүй бол үр дагавар нь ЕХ-ны иргэдээс илүүтэйгээр Их Британийн иргэдэд хүндээр тусах болно” хэмээн мэдэгджээ.

Харин ЕХ-ыг орхих асуудлыг дэмжигчид энэ тал дээр арай өөр байр суурьтай байна.

Тэд ‘Их Британи нь Брюссельд тийм ч үр дүнтэй нөлөө үзүүлж чаддаггүй. Тэгсэн мөртлөө ЕХ-ны төв рүү долоо хоног тутамд 498 сая ам.доллар илгээдэг’ гэжээ. ‘Капитал Экономик’ судалгааны байгууллага уг үзлийг дэмжин ‘Бизнес хэвийн өрнөх болно. Эдийн засагт ямар нэгэн гажуудал учрахгүй’ хэмээн таамаглаж байна.

‘Brexit’ гэсэн нэршил анх 2013 онд гарч ирсэн. Ьус улсын консерватив үзэлтэй Ерөнхий сайд Дэвид Камерон ‘Их Британийн сонгогчдын гарт ЕХ-г орхих эсэхийг шийдэх сонголтыг өгнө’ хэмээн амласан.

Тэр цагаас хойш ‘Ашигтай аялал’ буюу ‘Benefit tourism’ (ЕХ-ны иргэд Их Британид ирмэгцээ тус орны халамжийн системд хамрагдах боломжтой) системийг шинэчлэх багцийг Брюсселиэс шаардах болсон. Ерөнхий сайд Д.Камерон ‘Халамжид хамрагдах хууль ёсны эрхтэй болтлоо дөрвөн жил хүлээх, Их Британид ажиллаж буй Европчуудыг эх нутагтаа байгаа хүүхдүүд рүү мөнгө илгээхийг болиулах’ хүсэлтийг тавьсан билээ.

Түүнчлэн  шинэ багцад ‘ЕХ-ны ажил олгох хуулийн журмыг хүчингүй болгох’ хүсэлтийг багтаажээ. Түүний үзэж буйгаар уг журмууд нь бизнесийг хааж, Их Британийн бүрэн эрхт байдалд харшилж, Брюссельд илүү их эрх мэдлийг олгож байна хэмээн үзэж байгаа юм.

Ерөнхий сайд Д.Камероны шаардлагуудыг ЕХ-н дахь хамтрагчид нь өнгөрсөн сард Бельги улсын Брюссель хотод хуралдах үеэрээ хүлээн авчээ.

Иймээс Ерөнхий сайд Д.Камерон нь  Их британийг ЕХ-д үлдэхийг ятгах болсон. Гэтэл Их Британийн улс төр, эдийн засаг, бизнесийн салбарынхны үзэл хоёрдмол байдалтай болжээ. Ямартай ч энэ бүхний үр дүн зургадугаар сарын 23 –ны өдөр болох санал хураалтаар тодорхой болно.