Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн олонх нь эмэгтэй байна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:
-Эрчүүд минь битгий гомдоорой. Үнэнийг хэлэхэд, энэ улс орныг эмэгтэйчүүд авч явж байна. Монгол эмэгтэйчүүдийг би нэг талаас өр нинжин сэтгэлтэй, уужуу холч ухаантай, нөгөө талаас асар их тэвчээр хатуужилтай, хүчирхэг хүмүүс юм даа гэж боддог.
Энэ бүх чанараараа манай бүсгүйчүүд бусдаас онцгой учраас өнөөдөр аль ч салбарт ачааны хүндийг үүрч байна. Манай салбарын статистик тоо баримтуудаас харахад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлсээр ирсэн байдаг.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал нь зөвхөн нэг гэр бүл, тухайн салбарт хамаатай асуудал бус. Монгол эмэгтэйчүүд улс төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд илүү олуулаа сонгогдож, нийгэмд дуу хоолойгоо улам хүчтэй хүргэх хэрэгтэй байна.
Үүний тулд зоригтой өөрчлөлт хийх ёстой гэж би хувьдаа боддог. Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдийг би ижий, ханьтайгаа зүйрлэн хүндэтгэж явдаг.
Үзэсгэлэнт эх орныхоо сайхныг өвчиж төрсөн хацар гоо бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж эрүүл энх аз жаргал, инээд хөөрөөр цалгин, гоо сайхан нь үргэлж гэрэлтэж явахын ерөөл өргөе.