Хүн амын бүлгүүд рүү чиглэсэн төрийн бодлогын суурийг тавин ажиллаж байна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордонд хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ чуулганыг хоёр жилийн өмнө Орхон аймагт зохион байгуулж байсан. Тухайн үед дэвшүүлж байсан зорилтдоо хэр хүрсэн байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
Анх 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан төрийн бүтэц бий болгож, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд эмэгтэйчүүдийн хэлтсийг байгуулсан. Ингэснээр эмэгтэйчүүдийн эрхийг, жендэрийн тэгш байдлыг хангасан бодлого, эмэгтэйчүүд, эхчүүдийн оролцоог дээдэлсэн ийм төрийн бодлогыг тодорхойлох боломжийг бүрдүүлж чадсан.
Бид Орхон аймагт зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” анхны чуулгандаа маш олон зорилтыг дэвшүүлж, түүнээс хойш нэлээд олон ажил хийсэн байна. Тухайлбал, эрхзүйн хүрээнд хийх шинэчлэлийн бодлогын суурийг тавьж чадлаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч энэ хуулийг өргөн барьж байгаа. Дээр нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад эхчүүд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, тэдний эрхийг хамгаалах заалтыг түлхүү суулгаж өгсөн. Жендэрийн асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. НҮБ-ын суурин төлөөлөгч, салбар байгууллагуудтай хамтарч жендэрийн асуудал дээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ажил амжилттай хийгдэж байна. Мөн хүн амын бүлгүүд рүү чиглэсэн төрийн бодлогын суурийг тавих зорилготой.
Өмнө нь хүүхдээс бусад асуудал дээр төрийн бүтэц байгаагүй. Зөвхөн төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл, санаачилгад тулгуурласан бодлого явж ирсэн. Жишээлбэл, сая илтгэлд дурдсанаар эмэгтэйчүүдийн чиглэлээр 1000 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж ирсэн гээд. Харин энэ чуулганаар эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дуу хоолойг сонсч, дүгнэлт гаргах нь чухал гэж үзэж байна.
-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
Бид маш олон хуулийн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал, Жендэрийн тухай болон Олуулаа хууль гээд. Эхчүүдийн үнэлэгддэггүй хөдөлмөрийг үнэлэх, тэдэнд төрөөс чиглэсэн бодлого дэмжлэгүүдийг тодорхойлоход голлон анхаарч ажиллана.
-Хамгийн их хүлээлттэй байгаа хуулийн нэг бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байгаа. Энэ хуульд ямар асуудал дээр голлон анхаарах шаардлага байна?
Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хууль маань өнөө цаг үед маш чухал байна. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилж байгаа хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нөхцөлд таслан зогсоох, хяналт тавих эрх зүйн ямар ч зохицуулалт байдаггүй. Түүнээс болж цагдаагийн байгууллага энэ чиглэлд дорвитой ажиллаж чаддаггүй. Жишээлбэл, гэр бүлийн хоёр маргалдаад хэрүүл зодоон болоход хэн очиж, нөхцөл байдлыг тодорхойлох юм, хэн таслан зогсоох юм бэ гээд энэ бүхэн нь тодорхойгүй байдаг.
Дээр нь хүүхдийн эрхийн асуудлаа[р, гэр бүлийн эрхийн асуудлаар дан ганц цагдаагийн байгууллага биш мэргэшсэн мэргэжлийн хяналтын байгууллагууд бий болгох шаардлагатай гэж харж байна. Энэ мэтчилэн маш нарийн юмнуудын олон талаас сайн ярилцаж тусгах ёстой. Нөгөө талаар хариуцлагын асуудлыг ч чангатгах хэрэгтэй гэж хүмүүс хэлээд байгаа шүү дээ.
-Удахгүй Азийн залуучууд Улаанбаатар хотод уулзалдах гэж байгаа. Энэ бол дээр хэлсэн бүлгүүд рүү чиглэсэн нэг ажил байх. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
Манай яамнаас 2015 оныг ‘‘Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Засгийн газар, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит 13 дугаар ерөнхий чуулганыг тавдугаар сарын 18- 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. “Нэг Ази 2015-Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдах энэ чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний 600 гаруй зочин, төлөөлөгч оролцоно.
Монгол Улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэ чуулган юм. Чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой хэмээн тооцож НҮБ, Хүн амын сангаас онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллаж байгаа.
-Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг нь сонгуулийн тухай хууль байгаа. Та энэ хуульд ямар байр суурьтай байна вэ. МАН-ынхан ард түмнээсээ асууя гээд байх шиг байна?
Би хувьдаа холимог системийг дэмжиж байгаа. Гэхдээ намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүн сонгогчдын шууд саналыг авахгүй гэсэн асуудал байхгүй. Яагаад гэвэл намын нэрийн жагсаалтаар нэр дэвшигч нь ард түмний санал өгсний дараа эрэмбэлэгдэх юм. Тэгэхээр энэ бол шууд сонголт хийж байгаа нэг хувилбар юм.
Түүнээс биш Ардчилсан нам, Ардын намыг дэмжиж байна гээд дугуйлах нь асуудлыг шийдэхгүй. Өмнөх сонгуулиар хуучин Сонгуулийн тухай хуулийг баримталсан нь магадгүй хуулийн сул тал байхыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо илүү нарийвчилж намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүст санал өгөх боломжийг олгож сонголтын хувилбаруудыг бий болгох болно.
-Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа хоёр асуудлаар таны байр суурийг сонирхмоор байна. Нэг нь Тавантолгойн хөрөнгө оруулалт, нөгөө нь Монголд казино байгуулах тухай асуудал. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын санал болгож байгаагаар байгуулах ёстой юу?
Засгийн газар бол УИХ-д саналаа оруулж ирнэ. Харин үүнийг нь яаж шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ер нь өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэ асар их баялгийг бид үр дүнтэй ашиглах л үүрэгтэй. Түүнээс гадна зөв, үр дүнтэй ашиглахаас гадна хойч үедээ өвлүүлэх ёстой. Түүнээс биш “нэг идээд үхнэ” гэдэг шиг өнөөдөр олдсон нь дээр нь гээд асуудалд хөнгөн хуумгай, хариуцлагагүй, ялангуяа ард түмний эрх ашиг хөндөгдсөн байдлаар асуудалд хандаж болохгүй. Т иймээс энэ гэрээг маш нарийн судалгаатай, нухацтай авч хэлэлцэх ёстой л гэсэн байр суурьтай байна даа.
-Харин Казиногийн хуулийн төслийн талаар та юу хэлэх үү?
Монголд казино байх ёстой гэж би хувьдаа үздэг. Яагаад бусад улсад байж болдог зүйл Монголд байж болдоггүй юм бэ. Дэлхийн хамгийн чанга хууль, дүрэмтэй гэсэн улсад ч казино байна. Монголд хуулийг нь батлаад ном дүрмийнх нь дагуу байгуулъя гэж байхад яагаад болохгүй гэж. Нөгөө талаас энэ бол аялал, жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийг сэргээх салбар шүү дээ. Бид юм бүхнийг дандаа харлуулах гэж оролддог байдлаа болих хэрэгтэй.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарчмын ямар томоохон өөрчлөлт орж байна вэ?
Хуучин бол даатгуулагч зөвхөн оноосон нэг эмнэлэг, эмчид үзүүлдэг байсан. Өөр эмчид үзүүлье гэхэд зөвшөөрдөггүй, заавал 13А маягт авчрах хэрэгтэй гэх мэтээр чирэгдэл ихтэй байлаа.Тэгвэл одоо үзүүлэх эмнэлгээ даатгуулагч өөрөө сонгох эрхтэй болж байна. Энэ бол маш том өөрчлөлтийн алхам, зах зээлийн хамгийн чухал зарчим юм.
Хоёрдугаарт, тухайн даатгуулагч өөрөө эрүүл мэндийн даатгалаас сангийн санхүүжилтийг хэн, юунд зарцуулж байгааг ер мэддэггүй байсан. Тэгвэл даатгуулагч өөрөө санхүүжилтэд хяналт тавих эрхзүйн боломж бүрдсэн. Гуравдугаарт, эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагад тодорхой хэмжээгээр үнэлэлт дүгнэлт өгөх, үйлчилгээний чанараар нь асуудлыг шийдэх боломж байгаа.
Тухайн даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээ таалагдаагүй бол дараа нь тэр эмнэлгээр үйлчлүүлэхгүй, өөр эмнэлэг сонгон үйлчлүүлэх эрхтэй. Энэ нь даатгуулагчийн тухайн эмнэлэгг өгсөн дүгнэлтийнхээ хүрээнд арга хэмжээ авч буй хэлбэр. Бас нэг томоохон өөрчлөлт бол Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжсэнээр даатгуулагч иргэн бүр цахим карттай болно Цахим карт нь нэгдүгээрт тухай даатгуулагчийн өвчний түүхийг бүрэн агуулна. Бүх даатгуулагчийн өвчний мэдээлэл нэгдсэн файлд орно.
Даатгуулагч өөрийн пин кодтой байх бөгөөд энэ нь файл руу нэвтрэх түлхүүр болж өгнө. Иргэд өвчний түүх гээд боть ном шиг зузаан карт тэврээд явдаг. Картаа гээчихвэл өвчний түүх тэр чигтээ алга болдог. Цахим хэлбэрт шилжсэнээр өвчний түүх, эмчилгээний тэмдэглэлүүд алга болохгүй. Цахим карт руу хэн дуртай нь нэвтрэхгүй, даатгуулагч өөрийн нууц кодыг оруулж нэвтэрнэ. Цахим өвчний түүхэд тухайн эмчлэгч эмч үзсэн бол тэмдэглэлээ оруулаад л явна. Хүн эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхэлсэн түүх файлд хадгалагдах юм.
Картын бас нэг том ач холбогдол нь төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно. Эмнэлгээс үйлчилгээ авсны дараа цахим карт уншигч машинд картаа уншуулахад, өвчтөний эмчилгээ үйлчилгээ авсан тухай мэдээлэл Эрүүл мэндийн даатгалын мониторингийн газарт очно. Мониторингийн газар мэдээллийг хянаж үзээд, хууль дүрэм зөрчөөгүй бол ОК гэсэн командыг Эрүүл мэндийн даатгалын сан руу өгнө. Сангаас эмчилгээ үзүүлсэн эмнэлгийн данс.руу үйлчилгээний төлбөрийг шилжүүлнэ. Энэ маш том давуу боломж.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй даатгуулагчийн үйлчилгээний төлбөр нь эмнэлгүүд өрсөлдөх чадвартай байх хэмжээний санхүүжилт болж чадах уу?
Хэн олон даатгуулагчид үйлчилгээ үзүүлж, даатгуулагчийг татаж чадна тэр эмнэлэг л хөгжинө. Харин чадаагүй нь зах зээлийн хуулиараа дампуурна. Нэг худалдан авалтын тогтолцоонд шилжээд ирэхэд төрөөс эрүүл мэндийн даатгалын зардлыг нь хариуцаж байгаа тэтгэврийнхэн, хүүхдүүд, цэргийнхэн зэрэг хүмүүсийн санхүүжилт мөн л тэр зарчмаар эмнэлэгт очно. Даатгалын зарчмаар санхүүждэг тогтолцоонд шилжихэд эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд өөрсдөө цалингаа тогтоодог болно. Тоног төхөөрөмж, орчны тохижилт, засвар, тэр бүх зардлаа өөрсдөө хариуцна.
Тэгэхээр сайн эмч, сувилагчаа авч үлдэхийн тулд цалинг нь нэмнэ. Ер нь төсөв, даатгалаас эмнэлэгт очиж байгаа бүх санхүүжилтийг нэг худалдан авалтын тогтолцоонд шилжүүлнэ. Тэгэхээр эмнэлгүүд сайн чанартай эмчилгээ, үйлчилгээ гаргадаг л байгууллага болно. Тэр бүтээгдэхүүн хэдий сайн чанартай, борлуулалт сайтай байна тэр хэрээр санхүүжилт авна. Энэ нь шударга, зах зээлийн зарчим. Сайн талх үйлдвэрлэвэл төдий чинээ сайн борлогдоно, бизнес нь өргөжнө. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ мөн үүнтэй адил.
-Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэвэр тог- тоох насыг уртасгах тухай яригдаж байна?
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримт- лах бодлогын баримт бич- гийг УИХ-д өргөн барина. Тэтгэврийн тогтолцоог яаж оновчтой болгох вэ гэсэн хүрээнд гол анхаарлаа хан- дуулж байна. Түүн дотроо тэтгэврийн насны хязгаарт өөрчлөлт оруулах санал явж байгаа. Жишээлбэл, 2017 он гэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн насны дээд хэмжээг 62, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 58 болгоё гэж төсөлд тусгасан.
Хүн амын дундаж наслалт эрс өндөр болсон. Монголчуудын дундаж наслалт 67.5 байна. Эмэгтэйчүүдийнх 70 хүрсэн. Өнөөдөр 55 настай эмэгтэй хүн тэтгэвэрт гарахад эрт байна. 60 настай эрэгтэй хүн хөдөлмөрийн чадвар өндөртэй байна. Гэхдээ тэтгэврийн насыг огцом 5-6 жилээр биш, аажим бага багаар нэмэгдүүлэх чиглэл барина. Хэрэв тэгэх бол өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж байж шийдэх бодолтой байгаа.