Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө чууллаа
Өнөөдөр Төрийн ордонд “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган болж байна.
Тус чуулганыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож буй нийт эмэгтэйчүүдэд хандаж илгээлт явуулжээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн бол Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учир түүнийг үгийг уншиж танилцууллаа.
Чуулганд НҮБ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу үг хэлж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Эмэгтэйчүүдийн эрх ба эрхзүйн шинэчлэл” сэдвээр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний хоёрдугаар чуулгананд хот, хөдөөгийн төлөөлөл 700 гаруй эмэгтэйчүүд оролцож байгаа юм. Эдгээр төлөөлөгчдийн 80 хувь нь 18-50 насны эмэгтэйчүүд байгаа бөгөөд жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд эрчүүдийн санал бодлыг тусгах зорилгоор 20 хувь нь эрэгтэйчүүд оролцож байгаа аж.
Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь хөдөлмөрийн насныхан бөгөөд 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгмийн амьдралын бүх л салбарт идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг ч тулгарах бэрхшээл олон байгаа юм. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлоход өнөөдрийн үндэсний чуулганы зорилго оршиж байна.
-ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭЭД БАЙНА-
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “2004 онд УИХ-аас баталсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал болоод хүн ам зүйн байдал, насны бүтцэд нэлээд өөрчлөлт гарсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор хүн амын хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулж байгаа ба хүн амд дийлэнх хувийг эзэлж буй залуучуудаа хэрхэн ажилтай, орлоготой хуримтлалтай болгох, ялгангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж бололцоог хэрхэн бүрдүүлэх, нөхөн үржихүйн болон эх нялхасын эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, насжилт хурдацтайгаар нэмэгдэж тэр дундаа тэтгэврийн насанд эмэгтэй хүн ам дийлэнх байгааг харгалзан нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх зэрэг олон асуудлыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудалтай холбон цогц байдлаар шийдэхийг зорьж байна” гэв.
Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа ба хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулсан байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Монгол Улсад 2014 оны байдлаар ганц биеэрээ амьдарч буй өндөр настан 27.1 мянга бөгөөд 18.8 мянга нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд аж. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс өндөр байдагтай энэ нь холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, ахмад эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах талаар төр засгийн зүгээс онцгой анхаарах шаардлагатай нь Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлах үндэслэл болжээ.
Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тууштай тэмцэх асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын гурван өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгаа бөгөөд ажилгүйдэл, архидалт нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгаа юм. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд энэ бүхэнтэй шийдвэртэй тэмцэх эрх зүйн орчинг бий болгохын зэрэгцээ гэр бүлийн боловсролыг багаас нь зөв олгох нь ирээдүйд хүчирхийлэлгүй гэр бүл бий болох үндэс болно гэж үзэж байна.
-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-
УИХ-ын дарга З.Энхболд: “Монгол улс эрт дээр үеэс эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалж ирсэнийг “Их засаг”, “Халх журам” хуулинд тодорхой зааж, түүхэнд тодоор тэмдэглэн үлдээсэн байдаг. 1924 онд Монгол Улс анхны “Үндсэн хууль”-даа эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах зорилтыг хуульчилсан нь дэлхийд анхдагч орнуудын нэг болж чадсан.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 544 хуулиас 12 хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн ч нийгмийн бүхий л салбарт тэдний эрх, эрх чөлөө нь бодитоор хамгаалагдаж, хангагдаж байна гэж үзэх нь учир дутагдалтай байна. Тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх бүхий л хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудал төрийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан хэдий ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүний наймаа зэрэг жендэрт суурилсан нийгмийн олон асуудал тулгамдсан хэвээр байна.
Судлагаанаас үзэхэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 80 мянга давж 10 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд болж байгаа, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдээгүй байгаа, хүчирхийлэгчдэд хүлээлгэх хариуцлага сул байгаа зэрэг нь хууль эрх зүйн шинэчлэлт, зохицуулалтыг цаг алдахгүй хийхийг биднээс шаардаж байна.
Үүнд бодит дүгнэлт хийж Улсын Их Хурал “Жендерийн эрх тэгш байдлын тухай” хуулийг 2011 онд баталж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хуульчилж өгсөн. Өнөөдөр Улсын Их Хурал “Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого” “Гэр бүлийн тухай”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хэлэлцэн батлахаар ажиллаж байна” гэлээ.
-ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛГАМДАЖ БАЙГАА ДӨРВӨН АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ-
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхийн одонт ээжүүдийн ес дэх удаагийн чуулга уулзалт дээр "Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг асуудал биш, энэ асуудал бол Монголын асуудал юм. Эх хүүхдийн асуудал гэдэг бол Монголын төр анхаарал хандуулах асуудал юм. Газар бүхэн ярьж анхаарал хандуулж байх асуудал юм" хэмээн онцлон тэмдэглэсэн билээ. Энэ талаар Хүн амын хөгжил, Нийгмийи хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, доктор Х.Баавгай “Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрээр монгол төрийн хатан ухааны сургамжийн талаар дурдаад Монголын эмэгтэйчүүдийн өнөөгийн байдлын талаар танилцуулсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, арга замын талаар хэлэлцүүллээ. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал, ахмад эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын болон насжилтын асуудал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудлуудыг өнөөдөр нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа гэв. Чуулган үргэлжилж байна.