“Нарантуул” шатсан хэрэг дээр мэргэшсэн мөрдөн байцаагчид нэмэлтээр ажиллаж байна
2016.03.04

“Нарантуул” шатсан хэрэг дээр мэргэшсэн мөрдөн байцаагчид нэмэлтээр ажиллаж байна

 "Нарантуул" захад өнөөдөр 03.00-05.00 цагийн үед гал гарч, тус худалдааны төвийн бөс барааны лангуунууд шатсан бөгөөд онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж галыг унтраасан талаар  бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Эрдэнэбаатар, Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат нар "Нарантуул" олон улсын худалдааны төвд гарсан галын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү “Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Нарантуул” худалдааны төвийн бөс барааны худалдаа явуулдаг саравчтай, задгай талбай дээр  өнгөрсөн шөнө 03.00 цагийн үед гал гарсан. Дуудлага манай мэдээлэл шуурхай удирдлагын төвд 03.30 цагт. Дуудлагын дагуу 03.40 минутад нийслэлийн онцгой байдлын газрын аврах гал унтраах аравдугаар анги хамгийн түрүүнд очсон.

Ингээд нэмэлтээр нийслэлийн онцгой байдлын газрын 5-6 анги очиж ажилласан. Нийт 100 гаруй алба хаагч гал унтраахад ажилласан бол 75 цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарч ажиллалаа. Бөс барааны лангуунууд шатсан тул шаталтын эрчим маш өндөртэй гал  түймэр байсан. Саравчтай бөс бараа зардаг талбай үндсэндээ 5700 орчим метр квадрат талбай байснаас 2500 орчим метр квадрат талбай галд өртөж шатсан байна гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Одоо цагдаагийн байгууллага болон онцгой байдлынхан хамтран хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлж байгаа. Шалгалтын дараа хэчнээн лангуу шатаж, хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь тодорхой болно. Галын шалтгаан нөхцөл ч одоогоор тодорхойгүй байна” гэлээ.

 ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч хэргийн газрын  хамгаалтанд гарч ажилласан. Урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсан гэдгийг хэлэх боломж байхгүй. Энэ хэрэг дээр Баянзүрхийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар Цагдаагийн газрын дэд дарга нараар ахлуулсан мэргэшсэн мөрдөн байцаагчид нэмэлтээр ажиллаж байна. Зах гурав хоног ажиллахгүй гэдэг ташаа мэдээлэл. Ийм мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна. Шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанаас гаргах ёстой. Бид аль болох бусад шатаагүй талбайн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангахаар ажиллаж байна.

Хэргийн газарт түргэн шуурхай үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Бүх холбогдох баримт болон иргэдийн мэдээллийг Цагдаагийн байгууллага хураан авсан. Нарантуул захад гурав дахь удаагаа гал гарч байгаа энэ асуудлыг санаатай байж болзошгүй гэх хардлага түрээслэгчид болон захын эздэд байж болно. Бид цагдаагийн байгууллагын хувьд зохих ёсоор нь ажиллаж, эцсийн дүгнэлтийг гаргана. Гал гарсан шалтгаан нөхцөлийг мэргэжлийн шинжээчид гаргана." гэв.

 Нийслэлийн ОБГ-ын дэд дарга Б.Эрдэнэбаатар “Нарантуул” худалдааны төв дээр галын аюулгүй байдлын удирдамжит болон гүйцэтгэлийн шалгалт жил бүр явагддаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд хийгдсэн. Үүний дагуу албан шаардлага, мэдэгдлээ хүргүүлсэн. Ингээд зохих арга хэмжээ аваагүй учраас энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Нарантуул” ХХК-ийг 250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Нийслэлийн онцгой байдлын газраас тухайн захын галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тухайн компанитай олон олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. “Нарантуул” ХХК-ийн зүгээс ч хөрөнгө мөнгө гаргаад тодорхой ажлууд хийж байна. Нарантуул зах нээгдэж байх үеэ бодвол камертай болсон, зам гарцууд нь нээгдсэн гэх мэт. Гэвч өчнөөн олон мянган хүн үйлчлүүлдэг энэ том захын хувьд галын аюулгүй байдал гэдэг зүйл өндөр эрсдэлтэй байдаг.