“Ослын үеийн удирдлагын систем”-ийг Монголд нэвтрүүлнэ
“Ослын үеийн удирдлагын систем”-ийг Монголд нэвтрүүлнэ
2016.01.26

“Ослын үеийн удирдлагын систем”-ийг Монголд нэвтрүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын ойн албатай хамтран зохион байгуулж буй “Ослын үеийн удирдлагын систем” сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас хамгаалах улсын албадын төлөөлөл оролцож байна.

Монгол Улс болон АНУ-ын онцгой байдлын салбар дах харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 10 жилд  эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн цэргийн командлал, Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төв, Ойн алба зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд “Ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, албан хаагчдыг сургаж дадлагажуулахад оршиж байгаа юм.

“Ослын үеийн удирдлагын системийн талаар 4 удаагийн сургалт зохион байгуулж АНУ болон Ази номхон далайн зарим улс оронд түгээмэл ашиглагдаж байгаа ослын үеийн удирдлагын системийг Монгол орны онцлогт нийцүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, гамшиг, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагааны үед  холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр мэдлэг олгох чухал ач холбогдолтой сургалт болж байсан.

Энэ удаагийн  “Ослын үеийн удирдлагын систем” сэдэвт сургалт нь “Говийн чоно”-2016” сургалтын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Аляскийн үндэсний гвард, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах “Говийн чоно-2016” сургалт нь ирэх гуравдугаар сард Орхон аймагт  болох юм.