Олон боломж нээж өгсөн ч хариуцлага чангарсан
2016.02.29

Олон боломж нээж өгсөн ч хариуцлага чангарсан

Хуулийн нэр: Хөрөнгө оруулалтын тухай

Өргөн барьсан он.сар.өдөр: 2013/09/10

Батлагдсан он.сар.өдөр: 2013/10/03

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2013/11/01

Хэнээс ч хараат бус хөрөнгө оруулж болно

Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах хэлбэр, хэмжээ, газар, бүс нутгаа хэнээс ч хараат бусаар сонгож, холбогдох шийдвэрийг бие даан гаргаж болно. Нэг болон түүнээс дээш салбар, төсөл, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулах эрхтэй.

Хууль ёсны орлого, ашгийг гадаадад шилжүүлэх, гадаадаас шилжүүлэн авах нь нээлттэй. Хөрөнгө оуулсан компани, аж ахуйн нэгжийг удирдахад оролцох, байгалийн баялгийг ашиглах хүсэлтээ төрийн байгууллагад илэрхийлж, шийдвэрлүүлэх эрхтэй. 

Хүлээх үүрэг цөөнгүй

Монголын ард түмний үндэсний өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэж, хөрөнгө оруулагч компанидаа сайн засаглал нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин, олон улсын стандарт нийцсэн бараа, ажил, үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг чандлан сахих үүрэгтэй.

Гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ-ыг тэг хувиар тооцно

Хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус аргаар дэмжинэ. Ингэхдээ албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт, албан татвар ногдох орлогоо хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох, алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцуулах юм.

Техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, НӨАТ-ыг тэг хүртэл хувиар ногдуулна. Үүнд: 

-Барилгын материал, газрын тос, ХАА-н боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих

-Нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих

-Эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих

Дэд бүтэц, үйлдвэрлэл, инновацийн төслийг дэмжинэ

Хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно.

-Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах

-Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдыг дэмжих, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх

-Дэд бүтэц, үйлдвэрлэл, ШУ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд дэмжих, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог нэмэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох

-Инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжих, экспортод чиглэсэн энэ чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд санхүүжилтийн батлан даалт гаргах

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрөл олгох

4 төрлийн татварын хувь хэмжээ тогтвортой байлгана

Хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах үүднээс тогтворжуулах гэрчилгээ олгоно. Энэхүү гэрчилгээ нь гэрчилгээг олгосон өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусах хүртэл татварын хувь, хэмжээ тогтвортой байна. Энэхүү гэрчилгээг хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдэд, төслийг хэрэгжүүлэх толгой компанид олгоно.

Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн 4 төрлийн татварын хувь, хэмжээг тогтворжуулна.
Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцуулах, бэлэглэхийг хориглоно.

Тогтворжуулах гэрчилгээг бүс нутаг, хөрөнгө оруулалтын хэмжээ харгалзан 5-18 жилийн хугацаатай олгох юм байна.

Мөн улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол, 500 тэрбум төгөргөөс дээш төгрөгийн хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтын ажил нь гурваас дээш жил шаардагдах төслийг хэрэгжүүлэх этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацааг 1.5 дахин  сунгах боломжтой.

Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээг 18 хүртэл жилээр байгуулна. Энэ хугацаанд тухайн хөрөнгө оруулалтын төсөл татвар, бизнесийн орчны тогтвортой байдлаар хангагдлаа гэсэн үг.

Уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг гадаадын өмчит компани зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авахдаа шууд болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гарна.

Хариуцлага чанга
Энэхүү хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулна.

Тогтворжуулах гэрчилгээ хууль бусаар авсан бол гэрчилгээ олгоход оролцсон албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4 800 000- 9 600 000 төгрөгөөр торгоно.

Хуулийн этгээдийг мөн хэмжээг 100-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19 200 000-38 400 000 төгрөгөөр торгож, төлөх ёстой албан татварыг нөхөн төлүүлж, хууль бусаар олсон орлогыг хураана. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.