Малчдад 10 хувийн хүүтэй зээл олгохоор боллоо
ХХАА-н сайд Р.Бурмаа
2016.02.25

Малчдад 10 хувийн хүүтэй зээл олгохоор боллоо

Засгийн газар хуралдаанаараа “Сайн малчин” хөтөлбөрийг баталжээ.

Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг зорьж байгаа аж. Мөн экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс гурван их наяд төгрөгийн нэмүү өртөг шингээдэг

Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс гурван их наяд төгрөгийн нэмүү өртөг шингээдэг гэсэн судалгаа бий. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн, 300 мянган ажлын байрыг тус салбарт хадгалдаг гэсэн статистик байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байгаа юм. Түүнээс гадна мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг давхар баталсан аж. 

Засгийн газраас үүнд шаардлагатай санхүүжилтийг гаргана. Гэхдээ арилжааны банкаар дамжуулан 10 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. 

Энэ талаарх нэмэлт тодруулгыг ХХАА-н сайд Р.Бурмаагаас авсан юм. 

-Малчдыг үйлдвэрлэл эрхлэхэд зориулсан 10 хувийн хүүтэй зээлийг Засгийн газар баталсан байна. Энэ зээлд хамрагдах малчинд ямар шалгуур тавьж байгаа вэ? 

-Малчид экспортод гаргах боломжтой үйлдвэрлэлийг эрхэлнэ гэдэг утгаараа хэрэглээний өндөр хүүтэй зээлээс бага хувийн хүүтэй зээл рүү шилжих боломж нь бүрдэж байгаа юм. Тухайлбал тарилга, туулга, ариутгалд малаа цаг хугацаанд нь хамруулдаг, мөн “Малчин” дансаа ашигладаг, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг гэх мэт шаардлага хангасан малчныг үйлдвэрлэгч гэж үзнэ. 

Ингэснээр арван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Түүнээс гадна хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авсан тохиолдолд ч дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. 

-Харин банкуудын тухайд ямар нөхцөл тавьж байна вэ? 

-Энэ хөтөлбөрт оролцох банкуудад мөн тодорхой шаардлага тавьсан. Үүнд хөдөө орон нутагт банкны салбартай, өмнө нь малчдад зээл олгож байсан туршлагатай, зээлийн 25 хувиас багагүй эх үүсвэрийг гаргаж чадсан байх ёстой юм. 

-Харин “Сайн малчин” хөтөлбөрийн тухайд юуг онцлох вэ? 

-Монгол Улсын нийт малчин өрхийн нэг хувь нь сайн малчны тодорхойлолтод хамрагдсан. Сайн малчин болох 20 гаруй шалгуур байдаг. Харин цаашид малаа эрүүл байлгаж, даатгалд хамруулдаг, бэлчээр усаа зохистой ашигладаг зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа сайн малчдын хүрээг нэмэх хэрэгтэй байна. Үүний тулд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлнэ.