300 гаруй албан хаагчдыг тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, байнгын хорооны гишүүд Л.Болд, С.Оюун болон ажлын албаныхан өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллалаа.
Өнгөрсөн хугацаанд тус байнгын хорооныхон гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Мөн Батлан хамгаалах салбарынхны гол тулгуур баримт бичиг болох Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг баталж, үүнтэй холбоотой 4 багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед уулзалтыг зохион байгуулснаараа онцлог юм. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбартаа өрнөж буй бүтээн байгуулалтууд болоод эрх зүйн хүрээнд ямар хуулиудыг шинэчлэх талаар мэдээлэл өгсөн.
Тухайлбал, 2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан байгаа. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна.
Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Одоо бидний өмнө “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх ажил бидний өмнө хүлээж байна гэв. Мөн байнгын хороодын гишүүдэд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр дөрвөн багц хуулиудын төслийн онцлог, ач холбогдлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Мөн Батлан хамгаалах яамны удирдлагууд "Энэ жил манай салбараас 300 гаруй цэргийн алба хаагчид тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөд байна. Харамсалтай нь төсвийн нөхцөл байдлаас үүдээд тэтгэвэр, тэтгэмжийг олгож чадахгүй байна. Тэтгэмжийг нь олгох төсвийг нь шийдээгүй учраас тэтгэвэрт нь ч гаргаж чадахгүй байна. Гадаадад суралцаж байгаа сонсогч оюутныхаа орон байрны зардал, цалинг нь ч гэсэн өгч чадахгүй байгаа. Төсвийн тодотголоор 10 орчим тэрбум төгрөг суулгаж өгвөл энэ асуудал шийдэгдэнэ" гэж байв. Харин УИХ-ын байнгын хорооны дарга М.Сономпил "Та бүхний санал хүсэлтийг сонслоо. Энэ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд Л.Болд гишүүн бид хоёр маш сайн ойлгож байна. С.Оюун гишүүн ч гэсэн батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцож байгаагийн хувьд өнөөдөр ирж ажиллаж байна. Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг манай байнгын хорооны гишүүд бүрэлдэхүүнээрээ дэмжээд ажиллана" хэмээн уулзалтын төгсгөлд онцлов.