Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил
2016.01.28

Байнгын хорооны дарга М.Сономпил зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцож илтгэл тавив

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2016 оны стратегийн цугларалтын нээлтэд оролцож, “Монгол Улсын батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, 1998 онд батлагдсан “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” болж нэр, агуулгын хувьд олон улсад болон бүс нутагт тулгарч байгаа аюулгүй байдлын орчны өөрчлөлт, сорилт, чиг хандлагыг мэдэрсэн, улс орны аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлсон баримт бичиг болж, өнгөрсөн оны 10 дугаар сард шинэчлэгдэн батлагдсан. Түүнд нийцүүлэн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай зэрэг батлан хамгаалахын багц хуулиуд эн тэргүүнд шинэчлэгдэн батлагдах ёстой гээд эдгээр багц хуулиуд батлагдснаар улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа өргөн хүрээтэй болж, төрийн цэргийн байгууллын нэгдмэл байдал хангагдах, түүний харилцаа, эрх зүйн хэм хэмжээ тодорхойлогдох, зэвсэгт хүчний шинэчлэл баталгаажих, цэргийн алба хаагчийн нийгмийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэх юм гэдгийг онцлов.

Мөн тэрбээр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үедээ салбарын болон бие бүрэлдэхүүний гаргасан амжилт, Зэвсэгт хүчний өнөөдрийн хүрсэн түвшин зэргийг тэмдэглээд батлан хамгаалахын багц хуулиудын төсөлд тусгах зарим саналыг батлан хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, төрийн цэргийн байгуулал болон зэвсэгт хүчний шинэчлэлийн асуудалтай уялдуулан цугларалтад оролцогчидтой харилцан ярилцав.

Тус цугларалтын нээлтэд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын газрын дарга нар оролцов.

Жил бүр уламжлал болж явагддаг энэ удаагийн Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс ба төрийн цэргийн байгуулал” сэдвээр явагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнууд оролцож лекц уншлаа.