Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ
ОБЕГ
2016.02.24

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ

ОБЕГ-аас улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээг ирүүллээ. Хот, хөдөөгүй гал түймрийн дуудлага буурахгүй байгаа юм. Тиймээс гал түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Cүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслан зэрэг газруудад байшин шатсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-ийн амбулторийн ариун цэврийн өрөө шатжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сантехникийн өрөө болон Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах Монгол банкны байранд гарсан галыг Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид дор бүр нь шуурхай ажиллан унтраажээ.

Нийслэлд ч мөн олон нийтийн хөлийн гзаар байрласан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Таван-Эрдэнэ” хүнсний захын урд чингэлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэйн шинэ эцэст авто замын хажууд автомашин шатсан дуудлагаар дээрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажилласан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төвийн хажууд цагдаагийн байр шатаж байна гэх дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч очиж унтраасан байна.