З.Энхболдыг огцруулах шаардлага хүргүүлнэ
УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Я.Содбаатар
2016.02.18

З.Энхболдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд ирц хоёрхон гишүүнээр дутлаа. Одоогоор чуулганы танхимд 37 гишүүн ирж, ирцээ бүртгүүлээд байсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэйгээс 34 нь, УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй ч нэг ч гишүүн ирээгүй. УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэй ч хоёр нь, ИЗНН-аас нэг гишүүн ирсэн байгаа бол бие даагчдаас хэн нь ч ирээгүй байна.  Чуулганыг нээхэд МАН-ын гишүүд яагаад ирээгүй талаар УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн  Я.Содбаатар тодрууллаа.

-Сөрөг хүчин АН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд чуулганд орно гэж байсан. 09.00 цагаас нээлтээ хийх чуулганд яагаад орсонгүй вэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй нэлээд хонож байна. Ээлжит бус чуулганы хуралдааныг зарлахад намын бүлгүүд хуралдаж байж шийддэг. Ээлжит бус чуулганаар эхлээд хэлэлцэх асуудлаа тохиролцдог. Гэтэл УИХ-ын дарга хууль зөрчиж, шууд ээлжит бус чуулганыг  зарласан. Тийм учраас өнөөдөр АН-аас бусад бүлгийн гишүүд орохгүй байна.  Мөн одоо  ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа асуудлууд заавал хэлэлцэгдэх ёстой асуудлууд мөн үү гэдэг нь бас эргэлзээтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал мөн хууль зөрчсөн гэж үзэж байгаа.  Тиймээс ҮХ зөрчсөн асуудлыг чуулганд хүч түрэмгийлэн оролцуулахаа болихыг шаардаж байгаа юм. Энэ нь хууль зөрчсөн асуудал.

-Цэцийн асуудлыг хэлэлцэхээ татчихвал МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа орно гэж ойлгож болох уу?

-Төсвийн тодотгол хийх, хуулиар заасан хугацаатай асуудлуудыг хэлэлцэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг. Энэ удаад намрын чуулган хуралдах дөрвөн сарын хугацаанд хэлэлцэж чадаагүй асуудлуудыг хэлэцэхээр оруулж ирж байна. Нэг ёсондоо дөрвөн сар хэлэлцэж чадаагүй зүйлээ аравхан хоногт хэлэлцэж шуурхайлан хэлэлцэхээр улайрч байгаа нь хуулинд цоорхой гарах үндэс болно гэж үзэж байна. Ирцээ бүрдүүлж чадахгүй байна шүү дээ АН-ынхан.

-МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагыг тавихаар болсон гэх мэдээлэл байна?

-Үнэн. МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн, ёс бус авирлаж байгаатай холбоотойгоор албан тушаалаас нь огцруулах шаардлагыг хүргүүлнэ.