Ард түмэн, улс төрийн хүчнүүд шударга, зарчимтай хууль хүлээж байсан
Консерватив намын дарга Н.Дашдаваа
2016.02.15

Ард түмэн, улс төрийн хүчнүүд шударга, зарчимтай хууль хүлээж байсан

 Консерватив намын дарга Н.Дашдавааг бичин жилийн анхны зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

 Сайхан шинэллээ. Та сайхан шинэлэв үү.

Сайхаан. Хонин жилийн сүүлчээр улстөрийнхөний анхаарлыг татсан гол асуудал бол Сонгуулийн тухай хууль батлагдсан явдал байлаа. Гэвч энэ сонгууль дийлэнх хүмүүсийн санаанд хүрсэнгүй. Та энэ талаар санаа бодлоо илэрхийлээч?

Ард түмэн, улс төрийн хүчнүүд шударга, зарчимтай хууль хүлээж байсан. Гэвч тэр хүсэл талаар боллоо. 16 хоног гэдэг сурталчилгаа хийхэд тун богино хугацаа. Энэ нь нэг талаар иргэдийн мэдээлэл авах, сонгох эрхэд халдсан хэрэг болж байна. Иргэдийн сонгох эрхэд халдана гэдэг ардчилсан нийгэмд байж болшгүй үзэгдэл.

Нам, хувийн эрх ашгийн төлөө шударга ёс, ардчиллын зарчмаас ухарч, үндэсний эрх ашигт халтай хууль баталж болохгүй. Шуудхан хэлэхэд, өөрсдийнхөө эрх ашигт тохируулсан хууль баталж, түүгээрээ Монголын төрийг байгуулах гэсэн энэ үйлдлийг буруутгаж байна. Энэ ч утгаараа шинэ парламент ч бас Сонгуулийн тухай хуулийг дахин өөрчлөх шаардлага гарах байх. 

Сонгуулийн тухай хуулийг батласан ч Намын тухай хуулийг унагачихлаа. Та энэ хуулийг судалж амжсан уу?

Судалсан. Олон ч удаа хэлэлцүүлэгт оролцож, саналаа ч хэлсэн. Намын тухай хуулийг гаргах хэрэгтэй. Нам бол тодорхой үзэл баримтлалтай, бодлогын нам байх ёстой. Бодлогын нам цэвэр байх нь чухал. Өөрөөр хэлбэл,  улстөрийн намын иргэд, сонгогчдынхоо өмнө хүлээх үүрэг бол цэвэр байх явдал юм. Энэ ч утгаараа бид намаа цэвэр байлгана. Заавал хууль гаргаж байж цэвэр болох биш намууд ухамсараараа цэвэр байх хэрэгтэй. Энэ бол үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг шүү дээ.

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улстөрийн намууд хүчээ нэгтгэхээр шийдсэн бололтой. Тодруулбал, ИЗН, МҮАН зэрэг намууд АН-д, МНН МАХН-д нэгдчих шиг боллоо?

-Улстөрийн намууд үзэл баримтлалаараа нэгдэж байгаа бол түүнийг буруутгах аргагүй. Харин албан тушаалын төлөө нэгдэж байгаа бол буруу. Улстөрийн зарим намууд амиа бодож довоо шарлуулахаас өөр зам үлдээгүй байх. Эвсэх, нэгдэх эрх хуулиар нээлттэй байгаа. Монголд намууд бодлого уралдуулдаг шинэ соёл руу алхахаар зориглож чадахгүй байна. Намууд бодлогоо уралдуулж байж л хөгжлийн шинэ зам дээр гарна. Бие биенийхээ сүүдэрт нуугдаж байж яаж бодлогоо хэрэгжүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, нэг нам нөгөө намынхаа эрх мэдлийн хүлээсэнд хавчуулагдаад ирэхээр тухайн нам бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болно.

Танай намын хувьд улстөрийн аль нэг намтай нэгдэж, эвсэл байгуулах төлөвлөгөө бий юу?

Манай нам сонгуульд дангаараа орно гэдгээ анхнаасаа л олонд зарласан. Энэ зарчимаа л баримтална. Эрх мэдэлтэн, мөнгөтэй хүмүүсийн гар хөл болж нэгдэж нийлэхгүй гэсэн зарчим хурлаар тогтсон. Энэ зарчимаа чанд баримталж мөрдөнө. Шударга, зарчимтай, итгэл үнэмшилтэй горилогчдод бол харин нээлттэй.

Ингэхэд сонгуульдаа хэр бэлтгэж байна. Нэр дэвшигчдээ тодруулсан уу?

Өнгөрсөн намар 11 дүгээр сард манай нам дотоод марафоноо эхлүүлсэн. Мөрийн хөтөлбөр найруулгын шатандаа явж байна. Орон нутагт нэр дэвшигчид гуравдугаар сараас тодорхой болно. Нийслэлд нэр дэвшигчдийн дөрөвдүгээр сард тодорхой болно. Ингээд тавдугаар сарын 11-ний өдөр болох намын бага хурлаар нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн шийдвэрлэж, батална. 

Танай намынхан энэ сонгуульд ямар тактик боловсруулж оролцохоор төлөвлөж байна вэ. 26 тойрогт 48 нэр дэвшигч явуулах уу?

Тэгнэ ээ. Бид орон нутгийн иргэдийн дундаас нэр дэвшигчдээ сонгоно. Нутагтаа ажиллаж, амьдарч байгаа, нутгаа болон иргэдээ мэддэг, амьдралд илүү ойрхон хүмүүсийг нэр дэвшүүлэхээр төлөвлөж байна. УИХ, аймаг, нийслэлд ч ялгаагүй, ийм бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөхөөр л хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй, гэнэт гарч ирээд үлгэр яриад эхэлдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Учир нь, тийм хүмүүс иргэдийн амьдралд сайнаар нөлөөлж чаддаггүйг өнгөрсөн түүх хангалттай харууллаа. 

Жагсаалтын 28-даа ямар шалгуур тавьж байгаа вэ?

Хуульд заасан шалгуураас гадна намын дотоодын шалгуур гэж гаргасан. Чухам ямар шалгуураар, ямар хүмүүс жагсаалтанд орохыг намын бага хурлаар шийднэ. 

Төгсгөлийн асуултыг танд үлдээе?

Саруул ухаантай түмэн олны хүчээр Монгол Улс тунгалаг төртэй болох болтугай.