Намын санхүүжилт хэцүү, хэцүү гээд хэн нэгнийг шахаж, шаардаж болохгүй
УИХ дахь “Шударга ёс”эвслийн бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Та хоёр жилийн өмнө намынхаа дэд даргын суудлаас огцрох өргөдлөө өгсөн. Гэсэн ч өнөөг хүртэл хариу нь ирээгүй байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Тийм ээ, би 2014 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Ингэхдээ өөрийн бичсэн ил захидлын хамт уламжилсан.
-Яагаад намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм бэ?
-Сэтгүүлчид хаанаас яаж олсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан миний бичсэн зурвасыг хэвлэл мэдээллээр олон нийтэд дэлгэсэн байна лээ. Уг нь, хувийн ил захидал л даа. Хүмүүс хоорондоо захиа бичиж л байдаг шүү дээ.
-Гэхдээ л та өөрийн биеэр нэг ч удаа шалтгааныг нь тайлбарлаж байгаагүй шүү дээ?
-Тийм ээ, өнөөдөр өөрийн биеэр бодит үнэнийг хэлэх ёстой байх гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд намын дэд даргын албыг хаших амаргүй байсан. Үнэнийг хэлэхэд, намынхаа даргыг хэрэгт холбогдон хоригдож, гадаадад эмчлүүлж байх хугацаанд ч тэр намынхаа гишүүдийг тарааж, бутаргахгүй, улмаар ард түмэндээ нэр хүндтэй нам болгохын төлөө чадахаараа ажилласан.
Нөгөөтэйгүүр AH, МАН гэсэн хоёр том хүчин өнөөдөр дэд даргагүй байна. Дээр нь МАХН-ын дарга өөрөө ч эх орондоо ирчихлээ. Ийм тохиолдолд тэр хүн намаа удирдаж явах нь зүйтэй гэж бодсон. Өөрөөр хэлбэл, зуун ямаанд жаран ухна гэдэг шиг энэ олон дарга байх шаардлагагүй гэж үзсэн уураас л өргөдлөө өгсөн юм.
-Тэгвэл өнөөг хүртэл хариуг тань өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Мэдэхгүй юм. Одоогийн байдлаар албан ёсны хариу ирээгүй байна. Гэхдээ хамт олон маань татгалзвал тэднийгээ хүндэтгэнэ. Эцсийн шийдвэрийг намын Гүйцэтгэх товчоо болон Бага хурал гаргах байх.
-Ингэхэд та МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асаг Г.Шийлэгдамбын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзсэн үү?
-Тийм ээ, үзсэн.
-Яг ямар дүгнэлтэд хүрэв?
-Г.Шийлэгдамбын ярилцлагаас хоёр зүйлийг анзаарсан.
-Ямар хоёр зүйлийг тэр вэ?
-Нэгдүгээрт, тэр хүнийг журмын нөхөд нь тодорхой хэмжээнд нэлээн гомдоосон байж магадгүй юм. Үнэхээр ийм дүр зураг харагдаж байна лээ. Хоёрдугаарт, цаанаас нь ямар нэгэн шахалт, шаардлага байна уу гэх хардлага төрсөн.
-Шахалт, шаардлага гэдгээ тодорхой тайлбарлаж болох уу?
-Анзаараад байх нь ээ, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт сүүлийн үед дандаа хүнд байдалд орчихсон хүн зочноор нь оролцож байна. Тэднээс яаж ийж байгаад амнаас нь үг унагадаг болжээ. Энэ бол зөв зарчим биш юм.
-Өршөөгөөрэй, яагаад зөв зарчим биш гэж. Би хувьдаа сэтгүүлчийн хөдөлмөр гэж ойлгож байна?
-Сэтгүүлзүй тодорхой хэмжээний ёс суртахуунтай байх ёстой. Энэ талаас нь харахын бол тэр хүнд ямар нэгэн шахалт, дарамт байна уу гэж бодсон.
-Үнэхээр Г.Шийлэгдамбын ярьж байгаа шиг намын тань дарга санхүүжилт олж ирж гэж та бүхнийг шахаж, шаарддаг юм биш биз дээ?
-Аливаа намын санхүүжилтийн асуудал гэдэг маш чухал зүйл. Өнөөдөр 50 мянган ам.долларын асуудлыг ярьж байна.
Намаа санхүүжүүлээд асар том барилга барьчихсан, эсвэл Монгол Улсыг худалдаад авчих хэмжээний ашигт малтмалын ордуудыг авчих хэдэн зуун сая төгрөгийн асуудал яригдаж байна шүү дээ. Гэхдээ Г.Шийлэгдамбын асуудал яригдаж байгаа нь үнэн. Ер нь бол намын санхүүжилтийн асуудлын талаар би олон ч удаа ярьсан.
-Юу гэж тэр вэ?
-МАХН бол намын хууль боловсруулж олигарх дэглэмийг халах, нэг үгээр хэлбэл хүнээс үл хамаарсан нам болохыг уриалж ирсэн. МАХН-ын дэд даргын хувьд санхүүжилтийн асуудлаа хуулийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгийг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд хүсэлт тавьж авдаг. Манай нам өөрөө олигарх нам биш.
Шударга зарчмыг тогтоохын төлөө ажиллаж байгаа болохоор бидэнд их хэмжээний санхүү өгөх хүн байдаггүй. Мэдээж санхүүжилт хэцүү, гэхдээ хэцүү байна гээд янз бүрийн зүйл шахаж, шаардаж болохгүй. Бүр болохгүй бол умгар гэрт ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж болно.
Түүнээс биш намыг санхүүжүүлэх үүднээс буруу арга, замаар шахаж яав ч болохгүй. Энэ агуулгаар нь үзэх юм бол бид намынхаа үзэл бодлыг ард түмэндээ ойлгуулах болохоос баян нам болох зорилго тавьж болохгүй юм. Үүнээс тодорхой зүйл ярихыг хүсэхгүй байна.
-Ойлголоо. Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийнэ. Үүнтэй зэрэгцээд парламентын дор бүрээ ажлаа дүгнэх байх. Таны хувьд энэ удаагийн чуулганаар гишүүд ямар түвшинд ажилласан гэж бодож байна вэ?
-Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд, хэдэн том асуудалд тулгуурлалаа. Миний хувьд хамгийн чухал асуудал бол энэ оныхоо төсвийг баталсан явдал байлаа. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой олон төслийн баталсан. Нөгөөтэйгүүр хэдэн зүйл дээр сэтгэл дундуур байна.
-Тухайлбал?
-Өршөөлийн тухай хууль байна. Энэхүү хуулиас болж ял эдэлж байгаа хүмүүжигчдийн эрх зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, хууль нь гарчихаад байдаг. Гэтэл хүмүүсийг нь чөлөөлөхгүй байгаа зэрэг хариуцлагагүй асуудал гарсан. Дээр нь Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тухай хуулийг олон ч удаа буцаасан.
Уг нь, Засгийн газар төсвийнхөө хуулийг маш сайн боловсруулж УИХ-д оруулж ирэх ёстой. Гэтэл хуулийг оруулж ирсний дараа Ажлын хэсэг гаргаж, тэд Сангийн яам, Засгийн газрын оруулж ирсэн төсвийг огт танихгүй болтол өөрчилдөг болчихлоо л доо.
-Хариуцлага алдсан гэж үү?
-Яг зөв. Маш хариуцлагагүй хуулийг баталсан. Хэдийгээр Ажлын хэсэг боломжийн ажилласан ч өнөөдөр тодотгол хийх ёстой гэх зүйлийг ярьж байна. Үүнээс гадна Сонгуулийн тухай хууль дээр парламентыг Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг. Учир нь, өнөөгийн УИХ-ийн гишүүдийн 28 нь намын халаасны гэж хэлж болохоор бизнес эрхлэгчид.
Тэд ард түмнийг төлөөлж чадахгүй. Харамсалтай нь, энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар дээрх алдаагаа засч чадсангүй. Энэ мэтчилэн намрын чуулган маш их цаг алдсан, хамгийн олон завсарлага авсан хуралдаан болж өнгөрлөө.