Г.Шийлэгдамбыг сайд болгосон хүн нь би...
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Таныг “Шударга ёс” эвслийн бүлгээс хөөх асуудал хөндөгдсөн талаар мэдээлэл явж байгаа. Бүлгээс гарсан тохиолдолд УИХ-ын гишүүний эрх тань давхар цуцлагдах үндэслэл бүрдэх биш үү?
- Би тийм үндэслэлтэй байгаасай гэж бодоод байгаа юм. Үнэхээр хөөгдөх үндэслэлтэй байвал сайн. Хэн нэгэн нам, бүлгээсээ гарангуут эргүүлээд татчихдаг байвал УИХ-ын гишүүдэд хариуцлага үүрүүлж буй том хэлбэр болно. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуультай болох гээд чадахгүй байгаа. Хэрвээ тийм заалт байдаг бол мань мэт тийм байвал ингээд сайхан жишиг тогтооно. Ийм жишиг тогтсон тохиолдолд З.Энхболд, М.Энхболд нарыг ч гэсэн намаасаа хөөлөө гээд л жагсаалтаар гарч ирснээр нь эргүүлээд татчих нөхцөл үүсэх юм.
- Тэгэхээр жагсаалтаар гарч ирсэн гишүүдийн эрх тойргоос сонгогдсон гишүүдийнхээс хумигдах биш үү?
- Ер нь төрийн дээр нам байдаг юм уу, намын дээр төр байдаг юм уу. Бид төрийн тангараг өргөж, УИХ-ын гишүүн болсон. Тангараг өргөснөөс хойш дараагийн гишүүн нь тангараг өргөх хүртэл УИХ-ын гишүүний бүрэн эрх үргэлжилнэ. Тэгэхээр аль ч утгаараа, Үндсэн хуулийн хүрээнд ч тэр ийм боломжгүй гэсэн үг. Тэр утгаараа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх яриа бол зүгээр л айлгах тактик.
- Жагсаалтаар гарч ирсэн гишүүн нам, бүлгээсээ гарсан тохиолдолд парламентад суух эрх нь түдгэлзэх нэгж хуулийн заалт байхгүй гэсэн үг үү?
- Монгол Улсад хуульгүй зүйл зөндөө бий. Хуулиа яривал хөөгдөх заалт байхгүй. Хуульгүй ч гэсэн бас байлгаж болно. Өнөөдөр төрийн албан хаагчийн насны хязгаар 65 байгаа. Энэ заалтын хүрээнд ар араасаа оочерлосон эрдэмтэн, профессорууд шалгалт шүүлгээ өгөөд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга болох юмсан гэсэн хүслээр хүлээж байна. Гэтэл УИХ-ын даргын зөвлөх 67 нас хүрэнгүүтээ гүйж очоод, суучихсан. Түүнийг УИХ-ын дарга нь тоохгүй байх жишээтэй.
Газрыг сонгуулийн болон төрийн шугамаар бэлэглэж болохгүй. Гэтэл батламж гэсэн бичиг барьчихаад сумын төвийн айлын хашааны хаалга нүдэн, “Та газартай боллоо” гэж хэлээд явж байгаа АН-ын дарга байна ш тээ. Би баримттай л юм ярина. Энэ мэтээр дураараа авирлалт зөндөө байна. Уг нь хууль үйлчилдэг бол ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцох ёстой. Эрхзүйт оронд төрийн дээр нам байдаггүй. Тэр утгаараа өнөөдөр намаасаа илүү төрийн хууль, бодлого явах ёстой учраас би шүүмжлээд байгаа юм.
- МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс танд хөөнө гэсэн анхааруулга ирсэн нь үнэн юм уу?
- Ирээгүй ээ. Н.Энхбаяр дарга ер нь нээх айхтар намайг загнаад л, тэгнэ шүү! ингэнэ шүү! гэж шүүмжлээд л, дарамтлаад явдаггүй. Би л харин айлын эрх хүүхэд шиг өөдөөс нь цор цор хийдэг л байх. Чанга дуугардаг л байх. Гэхдээ би зарчим ярисаар ирсэн. Анх МАХН-ын ЕНБД байсан Н.Удвал сайд болоод, намынхаа албан тушаалыг Г.Шийлэгдамбад өгсөн. Дараа нь Г.Шийлэгдамба сайд болсон.Г.Шийлэгдамбыг сайд болсных нь дараа би “Наад хүнээ ЕНБД-ын ажлыг нь өгүүл” гэж хэлсэн юм. ЕНБД-ын үндсэн үүрэг нь өөрөө намын санхүүжилтийг хариуцаж, нэгдүгээр гарын үсэг зурдаг. Энэ утгаараа давхар дээлтэй байлгаад хэрэггүй гэж хэлсэн санаа. Түүнээс биш хэл аманд орсон хойно нь би намынхаа албан тушаалыг ав гэж хэлээгүй л дээ.
- Н.Энхбаяр даргатай та өөрөө ойлголцож чаддаггүй юм биш үү?
- Өдөр болгон сонин хэвлэлээр би асуудлаа ярьдаг. Яагаад гэвэл, ил тодоор хэлдэг, хүний араас хутга шаадаггүй. Би намдаа гурван үндсэн шаардлага тавиад удаж байна. “Шударга ёс” эвсэл долоон гишүүнтэй учраас бүлгийн даргаа МАХН-аас тавих, ЕНБД давхар дээлгүй хүн байх ёстой, бид үнэхээр чадамжгүй байгаа бол бүлгээ задлаад МАН-тай нэгдэж, бүдүүн бүлэг болцгооё гэсэн. Ийм л юм ярьж яваа. Мэдээж, удирдах арга барил зэрэг асуудлаар тодорхой хэмжээний зөрчил байхыг үгүйсгэхгүй.
- Ерөнхий сайдыг огцруулах асуудал чуулган дээр унаснаас хойш УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга та гурвыг бүлгээс гарч, задлах асуудлаар хэд хэдэн удаа уулзсан гэх мэдээллийн тухайд?
- УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас хоёр ч удаа “Шударга ёс” эвсэл задрах гэж байна хэмээн сэтгүүлч нарыг бэлэн байдалд оруулсан. Би бол бүлэг задлахын эсрэг байгаа. Яах юм, бүлгээ задлаад, хэнд ашигтай гэж. Ер нь нураана, эвдэлнэ гэдэг өөрөө юунд хүргэх юм. Түүний оронд шаардлагаа тодорхой, ойлгомжтой болгоод явах хэрэгтэй. Бидний шаардлага бол Тавантолгойг ард түмэндээ өгье, Оюутолгойг 51 хувь болгоё гэсэн үндсэн шаардлагуудаа тавиад явж байна.
- Гэтэл танай бүлэг сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болгож гарч ирсэн үзлээсээ ухраад байдаг?
- Харин тийм. Тийм учраас бид цөөнх юм шиг харагдаад байна. Бүр болохгүй бол бүлгээс гардаг юм уу гэж яриад байгаа юм. Энэ бол бүр аргаа барсан хүний арга байхгүй юу. Ер нь арга ядсан хүн аав руу захиа бичдэг юм байна гэж бид ойлгоод байгаа.
- Таны зүгээс Г.Шийлэгдамбын олон нийтэд хандан бичсэн захидлыг ямар өнцгөөс харж байна?
- 2012 оны наймдугаар сард Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох асуудал сөхөгдөх үед шорон луу аваад явсан үйлдэлтэй ижилхэн харагдаж байна. Одоо бас Шадар сайд гээд хэлэхээр “тэр сценарилуугаа явж байгаа юм байна” гэж бид ойлгож байгаа. Түүх давтагдана гэдэг шиг дөрвөн жилийн өмнө Шадар сайдад яригдаад ямар асуудал үүслээ, тийм явдал дахин гарах гэж байна. Би үүнийг улайрал гэж тайлбарлана. Би Г.Шийлэгдамбыг ойлгож байна. Давхар дээлтэй байсан учраас тэр хүн төрийн ажлын хагжуугаар намынхаа ажлыг ч бас хийсэн гэж тайлбарлаж байна лээ. Гэхдээ ойлгож байна гэдэг маань зөвтгөж байгаа гэсэн үг биш. Ходоод хагаравч тогоон дотроо гэдэг үг бий. Болохгүй байгаа зүйлүүдээ намдаа ярьж, хэлж болно. Заавал олон нийтэд хандан захиа бичих хэрэг байсан уу гэдэг нь бас бодолцох асуудал. Эцсийн дүндээ хэн хэн нь хохирч, буруутгагдаж байгаа биз дээ.
- Г.Шийлэгдамбад тийм боломж байсан юм уу? Сүүлийн үед Г.Шийлэгдамбыг намын дотоод асуудлаас жийж эхэлсэн гэж ойлгогдож байгаа.
- Г.Шийлэгдамбыг намын дотоод асуудлаас жийсэн гэж би харахгүй байна. Улстөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг төрийн сайд хүн хийж болохгүй л байхгүй юу. Үүнийгээ соль гэж баригдахаас нь өмнө нь өчнөөн хэлсэн, нэг нь ч өгье гэж дуугараагүй. Нөгөө нь авна гэж хэлээгүй. Үнэнийг хэлэхэд,Г.Шийлэгдамбыг ЭМС-ын сайд болгосон хүн нь би ш дээ. Манай намынхан Г.Шийлэгдамбыг сайд болоход нь янз бүрийн байдалд л оруулж байсан. Тэгэхээр нь би батлан даалтад авч байсан байхгүй юу. “Наад хүнээрээ оролдвол надаар оролдлоо гэж ойлгоорой” гэж би намынхандаа хэлээд батлан даалтад авсан. Тийм учраас би Г.Шийлэгдамбыг би найзыгаа, дүүгээ гэж хардаг. Үүнийгээ ч гэсэн би нөхөрт хэлж байсан. “Ингээд найз нөхөд боллоо шүү. Миний найз болгоомжтой, бодолтой байгаарай” гэж.
- Та тэгээд найздаа намынхаа ЕНБД-ыг өг гэж шууд хэлж байгаагүй юм уу?
- Би хувийн шугамаар биш, бүр очиж Г.Шийлэгдамбыг загнасан ш тээ. “Мэргэжлийнхээ хүнээр Төрийн НБД-аа тавь, Н.Удвал сайд чинь өөрөө сайндаа биш сайн Төрийн НБД-тайдаа гайгүй ажилласан юм. Сайн багтай байсан, үүнийг нь эвдээд яах юм гэсэн юм” гэж хэлж байсан. Гэтэл одоо нөгөө томилсон хүн нь өөрийг нь эргээд хэрэгт хийчихсэн явж байгаа юм билээ. Гэхдээ Г.Шийлэгдамба бусдын төлөө ажлаа хийж яваад буруутгагдаж байна. Энэ бол их сургуульд сурдаг оюутан хүүхдийнхээ төлбөрийг олохоор бусдаас мөнгө авлигад авсан хэргээс тэс өөр асуудал. Тийм учраас ч би Г.Шийлэгдбамбыг ойлгоод байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.