Дорнод аймагт 50 ортой шинэ төрөх эмнэлэг үүдээ нээлээ
Дорнод аймагт 50 ортой шинэ төрөх эмнэлэг үүдээ нээлээ
2016.01.25

Дорнод аймагт 50 ортой шинэ төрөх эмнэлэг үүдээ нээлээ

Аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг Хүүхдийн тасгийн дэргэд 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол тус өдрөөс шинэ байрандаа орж, хүчин чадлаа өргөтгөн ажиллахаар болж байна.

Шинэхэн төрөх 50 ортой. Хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх, төрөх, хагалгааны зориулалтын тасгуудтай. Доороо хурлын заал, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан фитнесийн өрөө зэрэгтэй бөгөөд орчин үеийн эмнэлгийн стандарт шаардлагад бүрэн нийцжээ. БОЭТ-ийн үндсэн байртай залгаа Төрөх эмнэлгийн барилга угсралт 2013 оноос эхэлж 2013-2015 онуудад улсын төсвөөс нийт 2,774 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Дорнод аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхтөр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар болон албаны бусад хүмүүс, Дорнод аймаг дахь эрүүл мэндийн салбар, ЗДТГ-ын харьяа агетнлаг, хэлтсийн удирдлагууд оролцож, БОЭТ-ийн хамт олонд амжилт хүсчээ. 

Нээлтэд ирж оролцсон ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа БОЭТ-ийн Төрөх эмнэлгийн тасгийг цахимжуулах төсөлд хамруулж 143 сая төгрөгний компьютер тоног төхөөрөмж олгохоор болсноо танилцуулж БОЭТ-ийн дарга Д.Должинд батламж гардуулсан юм. Шинэхэн эмнэлгийн нээлтэд орон нутгийнхан ч гар хоосон ирсэнгүй. Аймагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд, сумдын эмнэлэг, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн зүгээс сэтгэлийн бэлэг гардуулав.