Түлэнхийн, нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын гурван тасаг 80 ортой үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд байгааг тасгийн эрхлэгч Э.Галбадрах Улсын Их Хурлын гишүүдэд танилцууллаа. Мөн тэрээр түлэгдсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр хорооллоос ирж байгаа бөгөөд дийлэнх нь ахуйн хүрээний түлэгдэл гэдгийг хэлсэн юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Б.Бат-Оргил энэ үеэр, 2015 онд Түлэнхийн төвийн барилгын ажилд 6 тэрбум төгрөг, 2016 онд 2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
Гэвч барилга бүрэн дуусахад 26 тэрбум төгрөг шаардлагатай. Жилд 2 тэрбум төгрөг улсын төсөвт суугаад явбал 2019 онд барилга ашиглалтанд орохоор байгаа гэдгийг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Түлэнхийн төвийн барилга ашиглалтад орохгүй, барилгын ажлын явц удааширалтай байгаа нь төсөв мөнгөтэй холбоотой.
Энэ мэтчилэн бага мөнгө төсөвт суугаад явбал 2019 он гэхэд ч барилга ашиглалтанд орох боломжгүй болно гэдгийг хэлээд 2017 оны төсөвт үлдэгдэл бүх төсвийг суулгах асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ онцлов.
Түлэнхийн төвийн барилгын гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, “Нутгийн зам” компани ажиллаж байгаа аж.