Баянголчууд эмнэлгийн коридорт гудас дэвсээд хэвтдэг үе өнгөрөв
Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн нээлт
2015.11.04

Баянголчууд эмнэлгийн коридорт гудас дэвсээд хэвтдэг үе өнгөрөв

Хүйтний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлт ихэсч байгаа. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, эцэг эхчүүд өвлийг бухимдлаар дүүрэн үддэг.

Тэгвэл Баянгол дүүрэг хуучин Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, нээлтээ хийв.

Нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох уг Хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Өмнө нь тус дүүргийн хүн амын тал хувь нь буюу 15 хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Баянгол дүүрэг шинэ Эрүүл мэндийн цогцолбор байрандаа Хүүхдийн тасаг нээж, “Эмүжин” эмнэлгийг ашиглалтад оруулснаар дүүргийнхээ хүүхдүүдийг өөрсдөө хүлээн авч эмчилдэг болсон билээ. 

Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан бөгөөд шинээр 50 эмч, эмнэлгийн ажилтны орон тоо нэмэгдэж байгаа ажээ. Тоног төхөөрөмжийн хувьд зөвхөн хүүхдэд зориулсан ор, зөөлөн эдлэл, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэдгээрээ онцлог давуу талтай гэнэ.

Мөн тус Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн таван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллана. Тодруулбал, Дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, Эхо зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн нээлт

Түүнчлэн хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төв хамт нээгдэж байгаагаараа онцлогтой. Тус төв нь тусгай зориулалтын шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсоноор дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй, илүү ойроос, илүү үр дүнтэй хүрч ажиллаж чадах болсондоо баяртай байгаагаа төвийн эмч нар илэрхийлж байв. Эмнэлгийн нээлтийн үеэр зарим эмч, иргэдийн санаа бодлыг сонслоо. 

Зөвлөх эмч Б.Кума: Жилийн өмнөөс л эмч нараа тусгайлан бэлтгэсэн 

Манай эмнэлэг 56 эмч, сувилагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Дүүргийнхээ 73 мянган хүүхдэд үйлчлэхэд бэлэн. Бид нэг жилийн өмнөөс тоног төхөөрөмжийн судалгаа хийж, захиалсан. Мөн боловсон хүчнээ ч нэг жилийн өмнөөс төлөвлөөгөөтөйгөөр бэлтгэн сургасан. Тиймээс манай эмнэлэгт хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр, мэргэшсэн эмч, сувилагч нар ажиллах юм. 

Эмч Н.Нарантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасагтай гэдгээрээ онцлог 

Баянгол дүүрэгт Хүүхдийн эмнэлэг нээгдэх төлөвлөгөөний дагуу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд эмч нарыг сургаж, бэлтгэсний нэг нь би л дээ. Мэдрэл, дотор, зүрх судас, шүд, рентген, эхо гэх мэтээр олон салбарт мэргэшүүлэн эмч, сувилагч нараа сургасан юм. Хэдийгээр би өмнө нь дөрвөн жил ажилласан ч, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд ажилласнаар маш ихийг сурсан. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий энэхүү Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллаж буйдаа баяртай байна. Бид өвчилсөн хойно нь эмчлэх гэхээсээ илүүтэйгээр урьдчилан сэргийлэх нь чухал гэдэг зарчимтай ажиллах болно. Үүнээс гадна манай эмнэлэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасагтай гэдгээрээ бусад Хүүхдийн эмнэлгээс онцлогтой. 

“Хүч” клубын гишүүн С.Наранбаатар: Баянголчууддаа баяр хүргэе 

Манай нийгэмд эерэг хандлага маш их хэрэгтэй гэж үздэг. Хүмүүс баярлалаа гэж үргэлж хэлж сураасай гэж хүсдэг юм. Манай клуб Зөвийг дэмжиж, эерэг хандлагыг эрхэмлэе гэдэг уриатай. Бид нийгэмд өрнөж буй эерэг үйл явдалд сайн дураараа оролцож сошиал ертөнцөөр сурталчилдаг юм. Өнөөдөр Баянгол дүүрэгт 140 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орж буй сайхан үйл явдлыг дэмжих гэж багаараа хүрэлцэн ирээд байна. Энэ бүхнийг хийж бүтээж чадсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

21 дүгээр хорооны иргэн Л.Алтанцэцэг: Хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж байна 

Би бага насны дөрвөн ач, зээтэй. Бүгдээрээ Баянгол дүүрэгт амьдардаг. Ханиад томуу тусахаас эхлээд өвдөнө л дөө. Сая нэг настай зээ маань ханиад хүрч хувийн эмнэлэгт хэвтсэн юм. Тав хоногийн эмчилгээ нь 225 мянган төгрөгийн төлбөртэй байсан. Гэсэн ч тав хоногт бүрэн эмчлэгдэх боломжгүй учраас эмчилгээг нь гэртээ үргэлжлүүлэн хийсэн нь үр дүн багатай л байлаа. Ханиадыг нь бүрэн эдгээхгүй болохоор дахиад л өвдөнө, хэцүү байсан. Өнөөдөр харин Баянгол дүүрэгт маань ийм сайхан Хүүхдийн эмнэлэг нээгдсэнд ач зээ нар, хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж байна. 

18 дугаар хорооны иргэн Т.Мөнгөнзул: Хаа байсан Сонгинохайрхан дүүрэг рүү явахаа болилоо 

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн нээлт

Би зургаагаас доош насны гурван хүүхэдтэй. Манай гэр бүлийн хувьд эмнэлэг бол маш том асуудал. Хүүхэд өвдөнө гэдэг хамгийн хэцүү шүү дээ. Баянгол дүүрэг дөрвөн жилийн өмнө хүүхдийн эмнэлэггүй тул Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг рүү явуулдаг байсан. Харин сүүлийн гурван жил эмнэлгийн хүртээмж нэмэгдэж бидэнд харьцангуй амар болсон. Эрүүл мэндийн шинэ цогцолбортоо хүүхдийн тасаг нээгдэж, мөн “Эмүжин” эмнэлэгт хүүхдүүдийг хүлээн авч эмчилдэг болсон. Өнөөдөр дахин нэг хүүхдийн эмнэлэг нээгдсэнд баяртай байна. Их ч том юм шиг харагдлаа. Одоо бид хүүхдээ тэврээд хаа байсан Сонгинохайрхан дүүрэг рүү явахаа больж, дүүрэгтээ эмчилгээ, оношилгоо хийлгэдэг болох нь. Энэ чинь бидний амьдралд маш том дэмжлэг шүү дээ. 

16 дугаар хорооны иргэн О.Нэмэхбаяр: Хүүхдийн вант улсыг цогцлоож чаджээ 

Дэргэдээ хүүхдийн эмнэлэгтэй болно гэдэг мэдээж маш сайхан үйл явдал. Сая сонирхоод дотор нь орж үзлээ. Хүүхдийн тоглоомын өрөөтэй, уулзалтын танхимтай, өрөөний тохижилт, агааржуулалт, гэрэлтүүлэг гээд бүхий л талаараа хүүхдийн вант улсыг цогцлоосон нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Зөвхөн эмнэлэг байгуулах гэхээсээ илүүтэйгээр хүүхдэд зориулсан орчныг цогцлоож чадсан байна. 

Дөрвөн давхар барилгын хоёрт нь хэвтэн эмчлүүлэх тасаг, нэгд нь амбулториуд, нөгөөд нь яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Хүүхдийн эмнэлэг нээгдэж буй сургаар зорьж ирсэн эцэг эхчүүдэд нээлттэй танилцуулга хийсэн нь ч бас таалагдлаа. 

Энэ бүхнийг хийж хэрэгжүүлж яваа бүх албан тушаалтнуудад баяр хүргэе. Ийнхүү Баянгол дүүргийнхэн эмнэлгийн коридорт гудас дэвсээд хэвтэж байдаг эмзэглэмээр дүр зураг түүх болж, тэр үе өнгөрөн одож байна.