Д.Батцогт ЕБС-ийн захирлуудыг хүлээн авч уулзлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд орон нутгийн сургуулиуд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хэрхэн ажиллах тухай төслөө тус яаманд ирүүлсэн юм. Аймгуудаас Ховд аймгийн 24 ерөнхий боловсролын сургуулийн 13 нь энэхүү төсөлд шалгарч тус бүр 3000$, нийт 75 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлэх эрхийг салбарын сайдаас гардаж авсан юм.
Тэдний төлөөллийг өнөөдөр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хүлээн авч уулзлаа. Ерөнхий боловсолын сургуулиуд өмнөх жилүүдэд сургалтын стандарт, агуулгыг чухалчилж байсан бол боловсролын чанарын хүрээнд хүүхэд нэг бүр хөгжих хэрэгтэй гэдгийг чухалжилж байгаа юм. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тухайд боловсролын багц хуулинд тусгасан. Энэ заалт бүхий хуулийн төслийг баталж өгөхийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаас хүсч ч байлаа.
Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилээс Монголд ахлах сургуулийн шинж чанартай үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбоотой сумдын ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж байж сум сумын хөгжлийг хангасан сургуулиуд оршин тогтнох юм. Тиймээс Боловсролын хуулийн 42, 43 дугаар заалтыг тэр чигээр баталж өгөхийг Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Б.Ундрах байнгын хорооны даргаас хүсэв.
Ховд аймгийн боловсролын салбар 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын чанарын үзүүлэлтээр аймгуудаас эхний 3-т, бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтээр ТОП-5 аймгийн нэгээр шалгарсан гээд тус аймагт боловсролын салбарын чанарын ахицтай жил болжээ.