Кока коланд донтсоор байх уу?
Кока-Кола нь дэлхийн 200 орны дэлгүүр, рестoран болон үйлчилгээний газруудад зарагддаг хийжүүлсэн ундаа юм. Найрлагандаа хийжүүлсэн ус, элсэн чихэр/ сахароз , фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сироп, фосфорийн хүчил, будагч бодис, байгалийн амтлагч агуулсан байдаг.
“Тунгаа төв” ТББ-ын тэргүүн Д.Лхагвадоржтой Кока-Кола ундааны хэрэглээг хэрхэн багасгах талаар ярилцлаа.
- Бид Кока-кола эрүүл мэндэд муу гэдгийг мэддэг мөртөө энэ хэрэглээнээс татгалзаж чаддаггүй. Олон туршилт, судалгааны дүнг харсаар, уншсаар байж хэрэглээд байдаг?
Энэ ундаа нь донтуулагч өөртөө агуулдаг гэдгийг бид мэднэ. Сайхан амттай болоод хүмүүс уугаад байдаг юм биш, зүгээр л бидний бие организм Кока-коланаас хараат болсон учраас уухаас татгалзаж чадахгүй байж болох юм. Гэтэл хүмүүс Кока-колаг яаж үйлдвэрлэдэг талаар ямар ч төсөөлөлгүй байдаг. Кола нь угтаа цэхэр ногоон өнгөтэй. Үүнийг хүрэн улаан өнгөтэй ундаа болгохын тулд олон төрлийн химийн будагч бодис ашигладаг.
Өнөөдөр дэлхий нийт Кока-коланаас татгалзаж эхэлж байхад, Монголд хэрэглээ нь буурахгүй байна.
- Дэлхий нийт үнэхээр татгалзаж эхэлсэн гэдэг үнэн үү?
Хамгийн сүүлийн жишээ гэхэд ОХУ-ын зарим мужид насанд хүрээгүй хүнд Пепси, Кока-кола ундаа худалдахыг хориглосон. Хятадад ч гэсэн хүүхдэд Кока-кола уулгахыг хориглосон мужууд бий. Их Британийн харъяа, 64 мянган хүн амтай Бермуд хэмээх арлын автономит улс хүртэл Кока-коланаас татгалзсан. Кока-коланы эх орон болох АНУ-ын Лос-Анжелес хотын захиргаа хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд хотын бүх сургуульд энэ ундааг зарахыг хориглосон.
- Кока-коланы хэрэглээг хязгаарлахын тулд ямар зохицуулалт хэрэгтэй гэж та бодож байна вэ?
... Хэрэв монголчууд үр хойчоо эрүүл байлгая гэвэл Кока-колаг импортлох, үйлдвэрлэхийг хориглох хэрэгтэй ....
Иргэний нийгмийн байгууллагуудын хичээл зүтгэл, олон нийтийн хүч асар том дэмжлэг болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч чухал оролцоотой. Тэмдэглэлт баяр наадмаас эхлээд өдөр тутамдаа Кока кола хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Би өөрийн хариуцдаг ТББ-ын шугамаар "Кока колагүй дэлгүүр" аяныг өрнүүлж эхлээд байна. Үүний үр дүнд тус ундааг борлуулахгүй байхыг зөвшөөрсөн дэлгүүрүүд байна.
Д.Лхагвадорж
- Манай улсад Кока-кола ундааны хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг баталсан шинжлэх ухааны судалгаанууд хэр байдаг бол?
Кока-коланы талаар үнэн бодитой судалгаа хийе гэвэл маш том эсэргүүцэл, дарамт шахалттай тулгарах магадлалтай. Одоогоор яс сийрэгжүүлдэг гэдэг нь нотлогдоод байна. Өнөөдөр насанд хүрэгчдээс эхлээд нялх үрс хүртэл Кока кола ундаанд донтож байна.
Энэ ундааны хор уршгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Саяхан мэс засалд ороход мэдээ алдуулах тариа надад муу үйлчилсэн. Яагаад гэвэл Кока-кола тогтмол уудаг байснаас үүдэлтэй гэж эмч нар тайлбарласан. Бусад эм, тарианы үйлчилгээг ч сааруулдаг байхыг үгүйсгэхгүй гэж бодож байна.