Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд дарга нарыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ.
2016.01.07

Ерөнхий сайд аа, Импортын гурилын квотоо үндэсний үйлдвэрлэгчдэдээ бус гурил дамлагчдад яагаад олгов оо

“Хүнсчдийн холбоо”, “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад ингэж уламжилсан юм. Дээрх мэргэжлийн холбоод нэгдэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд дарга нарыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд шинэ жилийн баяртай давхцуулан “2016 онд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох тухай” А467 тоот тушаал гаргажээ. Уг тушаалаар хоёр том компанид давуу эрх олгосон нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн бус хүмүүс дур зоргоороо гаргасан шийдвэр энэ салбарт ажиллаж байгаа, бизнес эрхлэгч, иргэдэд хортой үр дагавар авчирч байгаа учраас хуулийн байгууллагад хандахаас аргагүй болжээ. Өнгөрсөн жил манай улс ургацынхаа багагүй хувийг алдсан. Үүнээс үүдэж гурилын хомсдолд орж, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд орж, талх, боорцог, гоймонгоо үйлдвэрлэж чадахгүй шахам болж байсан.

Тиймээс ч салбарын яамандаа хандаж импортын гурил оруулж ирэх зөвшөөрөл хүсч, дотоодод буудайн хомсдолоос үүдэж гурилын үнэ өссөн нь алдагдалтай ажиллахад хүрч байгаагаа удаа дараа учирласан байдаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам “Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй. Яамнаас бодлогоор дэмжинэ” гэдэг хариуг тухай бүрт нь өгдөг байсан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн яам, талх үйлдвэрлэгч компаниудтай санамж бичиг байгуулсан. 

Уг санамж бичигт дурдсанаар Хүнс, хөдөө аж ахуйн яам хямд үнэтэй гурилыг талх үйлдвэрлэгч нарт олж өгөх бололцоог бүрдүүлнэ. Хариуд нь талх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барих үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл шинэ жилийн баяртай давхцуулан гаргасан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар үйлдвэрлэгчид биш дамлан борлуулагчдад гурил импортлох зөвшөөрөл олгожээ.

Энэ онд 43 компанид төвийн бүсээр гурил импортлох зөвшөөрөл олгожээ. Тэднээс тав нь л гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад нь гурил дамлан зарагчид байгаа аж. Тухайлбал, Алейка гурил борлуулагч “Алейск Импекс” компани дангаараа 7100 тонн гурил импортлох эрх авчээ. 

Мөн “Цесна” гурил борлуулагч ‘‘Өег” компани дангаараа 7000 тонн гурил импортолж дамлан зарах эрхтэй болсон байна. Жагсаалтад орсон бусад компаниудын цөөнгүй нь дээрх хоёр том компанийн охин компани гэх мэдээлэл ч байна. Гэтэл монголчуудын сар шинийн идээний ихэнхийг бэлтгэдэг “Өгөөж чихэр боов” компани 1400 тонн гурил импортлох зөвшөөрөл авсан бол “Жүр-Үр” компани 300 тонн л гурил гаднаас авахаар болжээ.

Нийслэлийн талхны хэрэгцээний дийлэнх хувийг үйлдвэрлэдэг “Талх чихэр” компанид 1610 тонн гурил импортлох зөвшөөрөл өгчээ. Энэ нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд хэдхэн хоногийн хэрэгцээ аж. Цаашлаад гурил дамлан зарагчдаас үнэтэй гурил авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс аргагүй. Алдагдал хүлээхгүйн тулд дагаад бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх нөхцөл бүрдэнэ. Үр дүнд нь хэрэглэгчдэд очих талх, боорцог, гоймонгийнх нь үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нарийн бодлогоор гаргах учиртай шийдвэрийг баяр ёслолын үеийг далимдуулан хоёр компанид давуу эрх олгохоор ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөн гаргасан нь үйлдвэрлэгчдэд төдийгүй иргэдэд хохиролтой байна.

Яамнаас үйлдвэрлэгчидтэй байгуулсан санамж бичиг, гэрээгээ зөрчин байж Төрийн нарийн бичгийн дарга хоёр компанид давуу эрх олгосон нь авлигын шинжтэй гэж мэргэжлийн холбоод үзэж байгаа аж. Ингэж хардах ч үндэслэл бий. Монголын зах зээлд борлуулагдаж байгаа орос дээд гурил нэг кг нь 1400 төгрөг байгаа. Сар шинийн баярын үеэр үнэ нь улам бүр нэмэгдэнэ. Тэгэхээр дамлан борлуулагч компаниуд олсон ашгаасаа хэдхэн хувийг нь шийдвэр гаргагчид руу “шидэхэд” л асуудал шийдэгдчих магадлалтай. Тиймээсч мэргэжлийн холбоод АТГ-т гомдол гаргажээ.

Болж буй үйл явдлын талаар гурил үйлдвэрлэгчид, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хүнсчдийн холбооныхон ингэж ярилаа.

Х.Гиймаа: ХҮНСНИЙ САЛБАРАА ЦОГЦООР НЬ ХАРЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

“Монголын хүнсчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Х.Гиймаатай ярилцлаа.

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тушаал гаргаж 2016 онд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрлийг компаниудад олгожээ. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 2016 онд компаниудад 40300 тонн гурил импортлох квот өгсөн. Үүнээс төвийн бүсэд 29700 тонн гурил импортлох зөвшөөрөл өгсөн байна. Төвийн бүсийн тухайд 43 аж ахуйн нэгжид квот өгснөөс үйлдвэрлэгч нь ердөө л тав байна. Бусад нь гурил худалдан борлуулагчид гэсэн үг. Үүнээс гадна квот өгсөн таван үйлдвэрлэгч компанид зөвхөн амсуулсан. Тодруулаад яривал, “Өгөөж чихэр боов”, “Жүр-Үр”, “Талх чихэр”, “Нүүдэлжи”, “Дэлгэрэх хүнс” зэрэг таван компанид нийлээд 3690 тонн улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл өгсөн. Энэ нь “Алейск Импекс” компанийн дангаараа авсан квотын талд ч хүрэхгүй байгаа хэрэг.

-Ийм хуваарилалт хийсний үр дүн яаж гарна гэсэн үг үү?

-Дотоодын үйлдвэрлэгчид зах зээлээс үнэтэй гурил авч, бүтээгдэхүүн хийхээс аргагүй болно. Ингэснээр бүтээгдэхүүнийх нь үнэ өснө. Эргээд хэрэглэгчид хохирно. Т апх үйлдвэрлэгчид тапхныхаа үнийг 20-50 төгрөгөөр нэмэхэд л салбарын яам тэр чигээрээ хөдөлж, дарамталж сүйд болдог. Өнгөрсөн жил талхны үнэ нэмэгдэхээсаргагүй боллоо гэхэд Хүнс, хөдөө аж ахуйн яам үйлдвэрлэгчтэй санамж бичиг байгуулсан. Тэгэхдээ дотоодын үйлдвэрүүдийг хямд гурилаар хангах боломжийг бүрдүүлэхээ амласан. Гэтэл одоо яаж гурилаар хангах нь тодорхойгүй болчихлоо.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ гаднаас импортоор авах нь хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөшүүрэгболдог. Нөгөөталаар үйлдвэрлэгчдэд квот ахиу өгчихвөл дотоодын гурил үйлдвэрлэгчид гурилаа зах зээлд борлуулах боломж бүрдэх байлаа. Гэтэл одоо дотоодын гурил зах зээлд борлогдохгүй, үйлдвэрлэгчид үнэтэй гурил авч талх, боорцог, гоймонгоо хийхээс өөр аргагүй болчихлоо.

-Гурил импортлох зөвшөөрөл олгохдоо танай холбоо, үйлдвэрлэгчдээс судалгаа авдаггүй юм уу?

-Уг нь хөндлөнгийн төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдээс төлөөлөл оруулаад санал солилцож байж хуваарилалт хийвэл ийм гажуудал гарахгүй. Гэтэл өөрсдөө дур мэдээд шийдвэр гаргачихсан. Бүр бүтэн жилийн квотыг шүү дээ. Энэ нь салбарын хэмжээнд алсыг харсан, нэгдсэн бодлого байхгүйг харуулж байгаа юм. Хэрвээ гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжсэн, дотоодын гурил үйлдвэрлэгчдээ харсан, бүтээгдэхүүний үнэ буулгах цогц бодлого явуулсан бол дамлан зарагчдад давуу эрх олгосон ийм хуваарилалт хийхгүй байсан болов уу.

Даанч яамны удирдлагуудад мэргэжлийн, алсыг харсан бодлого байхгүй байгаа нь харамсалтай. Энэ бол зөвхөн гурилын асуудал. Цааш нь сүү, мах гэх зэрэг хүнсний хэрэглээний нийлүүлэлт, эрэлт ч ямар байгаа нь тодорхойгүй байгаа. Өнгөрсөн онд хичнээн хэмжээтэй гурил квотоор орж ирж, ямар үнээр зарагдсан судалгаа ч байдаггүй гэв.

М.Базар-Ууган: 2016 ОНД ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭД ХОМСДООД ИРЭХЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭЦҮҮ БОЛНО

“Талх чихэр" компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган “Манай компанид олгосон квот бол ерөөсөө л нэг сар хүрэхгүй хугацааны хэрэглээ. Ирэх хавар гурил хомсдоод ирэхээр бид дамлан зарагчдаас үнэтэй гурил авахаас аргагүй болно. Нэгэнт түүхий эдээ үнэтэй авахаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх асуудал ярих болно. Манай компани нийслэлийн талхны хэрэгцээний ихэнх хувийг дангаараа хангадаг. Тэгэхээр түүхий эдийн хангалт маш чухал. Гэтэл гурилын квотыг бүтэн жилээр нь олгох шийдвэрийг яам гаргачихпаа. Дөрөв, тавдугаар сараас гурилгүй болох эрсдэлтэй шийдвэрийг яам гаргасанд харамсаж байна" гэлээ.

С.Санжхүү: ДОТООДЫН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРЫГ БУС ГАДНААС ДАМЛАН НАЙМААЛАГЧ НАРЫГ ДЭМЖЛЭЭ

Харин “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Санжхүү “Зах зээл дэх импортын гурил нэг кг нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа. Харин дотоодын гурил 1200 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Монголд нэг сая тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай олон компани бий. Энэ жил гурилын хомсдолд орохгүй байсан. Гэтэл салбарын яам гурил үйлдвэрлэгчдээ биш дамлан зарагч ченжүүдийг дэмжсэн шийдвэр гаргачихлаа. Энэ квотоо гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгосон бол бид зах зээлд бүтээгдэхүүнээ зарах боломж бүрдэх байлаа. Гэтэл дамлан зарагч хоёрхон компанид давуу эрх олгосон нь авлигын шинжтэй үйлдэл байж болзошгүй. Тиймээс АТГ-т хандаж байгаа юм" гэлээ.