Эрүүл мэндийн салбарын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2016.01.04

Эрүүл мэндийн салбарын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд өнгөрсөн сарын ажлын тайлангаа тайлагналаа.

Өнгөрөгч 12 дугаар сард тус байнгын хороо 240 өргөдөл гомдол хүлээн авсан байна. Тэдгээрийн 67 хувийг судалж шийдвэрлэсэн бол үлдсэнийг нь судалж байгаа аж. Сүүлийн үед тус байнгын хороонд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл олноор ирүүлэх болсон гэнэ. Иймээс энэ сардаа багтаан салбарын удирдлагуудыг оролцуулсан нээлттэй сонсгол хийхээ болсноо байнгын хорооны дарга хэллээ.

Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Баянчандмань суманд болсон гэмт хэргийн хохирогчийн ар гэрийнхнээс эмчилгээний зардалд тусламж хүссэн байна. Үүнтэй уялдуулж иргэд эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчилгээ авч чадаж байгаа эсэхийг судлах гэнэ. Мөн тэрбээр орон нутаг дахь хууль хүчний байгууллагынхан танил тал, ах дүү, найз нөхдийн хүрээллээрээ асуудлыг шийддэг болсон гэх иргэдийн гомдлыг сэтгүүлчид анхааралдаа авч ажиллах шаардлагатай болсон гэдгийг тодотгоод цагдаагийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүдийг дэлгэнэ гэв.

Үүний зэрэгцээ нээлттэй сонсголын үеэр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой 4 асуудлыг хөндөж хэлэлцэхийн дотор эхний ээлжинд ажиллагсадын цалин хангамжийн хүрэлцээг асуудал болгож гаргаж тавина гэлээ.