Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцох заалтыг халж, дийлэнх олонхоор (51-ээс дээш) хууль батлагддаг байх нь оновчтой. УИХ-ын хууль тогтоох чадамжийг нэмэгдүүлэхэд чухал гэж бодож байна.
Хууль батлан гаргах эцсийн шийдвэр олонхийн зарчмаасаа илүүтэйгээр УИХ-д суудал бүхий намуудын оролцоог нээсэн, зөвшилцөл, ойлголцолд суурилсан зарчимд шилжих нөхцлийг бүрдүүлнэ.
Олон улсын жишгээр хууль санаачлах, өргөн барих, батлах бүрэн эрх парламентад өөрт нь хадгалагдаж байдаг. Энэ онцгой эрхийг төрийн институциуд хуваалцах бололцоогүй. Хууль батлан гаргах процедурын хувьд манайх парламентын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэн, дэмжигдсэн тохиолдолд чуулганаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргадаг.
Цаашид байнгын хороодын үүрэг ролийг нэмэгдүүлэх шаардлага бий. Байнгын төрөлжсөн хороод бол тухайн хэлэлцэх асуудлыг мэргэжлийн талаас нь нухацтай авч үзэн, чуулганд оруулж ирдэг жишиг тогтох нь зүйтэй.
Байнгын хороодын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, байнгын хороодод парламентын гишүүдийг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажиллуулах, байнгын хороодын мэргэшсэн байдлыг хангаж, зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй.
Өнөөгийн практикаас харахад парламентын нэг гишүүн олон байнгын хороонд орж ажилладагаас үүдэн хуулийн болон бодлогын төслүүдэд цаг гаргаж ажиллаж чаддаггүй. Үүнээс үүдэн чанаргүй хуулийн төсөл, бодлогын баримт бичгүүд нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж буй дүр зураг байгааг нуух юун. Үүний цаана парламентын гишүүдийн тоог ч нэмэх шаардлага давхар байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
Яг бодит жишээ мэдэхгүй ч гадны нөлөө, лобби бүлгийн шахалтаар хууль, бодлого гардаг талаар нийгмийн хардалт байнга л өрнөж байдаг. Хамгийн ойрын жишээ нь “Өршөөлийн тухай” хууль байна.
Гагцхүү тус хуулийн зарим зүйл, заалт нь авлигын хэргээр шалгагдаж байгаа болон шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх тухай байсанд оршино.
Төрийн тэргүүн тус хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. УИХ үүнийг хүлээж авснаар нийгмийн бухимдал багассан. Ер нь гадны буруу нөлөө, лоббигоор хууль, бодлого гарвал буруу.
Тиймээс ардчилсан улс орнуудад “Лоббины тухай” хууль гаргаж, түүнийг нийгмийн шахалтын бүлэг, иргэний нийгэм, улс төрийн намууд, улс төрчид чадамгай ашигласнаар үр дүн гардаг.
“Лоббигийн тухай” эрх зүйн сайн зохицуулалт чухал гэж бодож байна. Хуулиар нарийн зохицуулж чадвал лобби ил тод болох эерэг талтай.
Хуулиар нарийн зохицуулаагүй тохиолдолд аливаа лобби илүү далд хэлбэр рүү орох сөрөх талтай. Хэдий чинээ далд байна төдий чинээ хардалт дагуулна, нийгмийн сөрөг үзэгдэл, үр дагаврыг ч бий болгох эрсдэлтэй.
2017
04.13
2015
12.21
2015
12.17
2015
12.16