Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцэж байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол улсын Засгийн газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Төсвийн тогтвортой байдлыг хангах, сахилга батыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөв санхүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онуудад 6 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.
Ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцсон хэмээн мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасан болохыг Сангийн сайд онцолсон юм.
Эцэст нь хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.