Шүүх хэлмэгдүүлж болохгүй
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэх хэргээр анхан шатны шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгүүлсэн.
Тэгвэл нийслэлийн Давж заалдан шатны шүүхэд өнөөдөр түүнийг шүүж байна. Өмгөөлөгчийнх нь зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулаагүй мөн Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж. Уг шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байгаа юм байна.
Шүүх хуралд ажиглагчаар оролцож байгаа С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг Л.Гансүхийн шүүх хуралд ажиглагчаар оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. Яагаад ингэж шийдэв?
-Би Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон хүн Шүүхийг шударга, хараат бус байдалтай ажиллаасай гэсэндээ өөрийн биеэр хяналт тавих нь зөв юм байна гэж үзсэн. Нүүрсний нунтаг шороог үнэлээд энэ хүнийг шоронд хийснийг би хувьдаа буруу гэж үзэж байгаа. Миний хувьд хэн ч байсан хамаагүй, шударга ёсны төлөө тэмцэх болно. Өнөөдөр Монголд хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. “Амташсан эмгэн алимд хахдаг“ гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг дээр би байр сууриа илэрхийллээ. Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд Дарханаас хамт өрсөлдөж байсан нөхөртөө санаа тавихыг хүссэн.
-Та шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавина гэлээ. УИХ-ын гишүүний эрх мэдлээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу?
-Би шүүхэд нөлөөлөх гэж оролдоогүй. Шүүх хурлын үйл явцыг ажиглаж, шүүх өргөсөн тангарагтаа үнэнч, хараат бус байгаасай гэсэндээ хяналт тавьж байгаа юм. Шүүх шударга хараат бус байгаасай л гэж хүсэж байна. Шүүх хурал хэт нэг талыг барих вий гэж санаа зовж байгаа. Шүүх хурал болсны дараа шүүхийн үйл явц, байр байдлын талаар мэдээлэл хийнэ гэж бодож байна.