Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс хэрэгт холбогдоогүй
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.11.10

Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс хэрэгт холбогдоогүй

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Туулхүү нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өршөөл үзүүлэх тухай хуульд 4.1 болон 5.1 гэсэн хоёр заалт байгаа. Эдгээр заалтын дагуу өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрэгжүүлсэн. 4.1 заалтаар хорих ангид ял эдэлж буй хүмүүсийг хугацаанаас нь өмнө сулласан бол 5.1 заалтаар хоригдлуудын ялын хугацаанаас хоёр жилийг хасах тухай заасан.

Дээрх заалтуудаар нийт 3084 хүн өршөөгдөж байгаа юм. 4.1 заалтаар 1343 хүн суллагдаж байгаа бол 5.1 заалтаар 1744 хүн ялын хугацаанаасаа хоёр жилийг хасуулж байна. Мөн зүйл ангиудыг нэгтгэж 10.4 заалтаар 35 хүн буюу нийт 2071 хүн өнөөдрийн байдлаар суллагдаад байгаа’’ гэлээ. Өчигдрийн байдлаар суллагдсан хүмүүсийг гэрт нь хүргэж өгөх ажил үндсэндээ дуусаж байгаа гэсэн. Очих газаргүй таван хүнийг “Зөв амьдрах ухаан” ТББ-ынхан харьяалалдаа авчээ.

/МОНГОЛ ТВ/

Монгол Улсын хэмжээнд өршөөлийн хууль зургаа дахь удаагаа хэрэпжиж байгаа юм. Өмнө нь гарсан таван хуулийг комисс хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн хууль дээр ялтнуудын хэргийг нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн гомдол гараагүй гэдгийг танилцууллаа.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс эхнээсээ гэмт хэрэгт холбогдож байна гэх мэдээлэл гарч байгаа. Ялангуяа Эрдэнэтээс суллагдсан хүмүүс зөрчил гаргаж улмаар цагдаа нартай гар зөрүүлж байна гэх мэдээлэл гарсан?

-Иргэдийг айлгах зорилгоор гадуур худал мэдээлэл цацаж байна. Одоогийн байдлаар Өршөөлийн комисс болон Цагдаагийн байгууллагад Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс хэрэг хийсэн, гэмт хэрэгт холбогдсон гэх ямар ч мэдээлэл ирээгүй. Бид нар Эрдэнэтийн цагдаагийн байгууллагатай холбогдсон. Суллагдсан хүмүүсээс зөрчил илрүүлсэн тохиолдол гараагүй гэсэн. Ийм мэдээлэл явахыг дуулаад бүх аймгийн цагдаагийн байгууллагатай холбогдож мэдээлэл авахад ямар нэгэн хэрэг зөрчил илэрсэн тухай гараагүй.

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн хорих ангиас хэдэн хүн суллагдсан бэ. Одоо улсын хэмжээнд нийт хэдэн хоригдол ял эдэлж байгаа вэ?

-Хүүхдийн хорих ангид ял эдэлж байсан 25 хүүхдээс долоо нь үлдсэн. Тэгэхээр 18 нь эрх чөлөөтэй болсон гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хорих ангиас 108 хүн суллагдлаа. Эмэгтэйчүүдийн хорих ангид 200 гаруй хүн үлдээд байна. Одоо улсын хэмжээнд нийт 1048 хоригдол ялаа эдэлж байгаа. Ер нь нийт суллагдсан хүмүүсийн 6-7 хувь нь эргээд гэмт хэрэгт холбогддог. Бусад нь нийгэмшээд, сайхан аж төрж байна.

-Өршөөлийн хуулиар суллагдаж буй хүмүүсийг гэрт нь хүргэж өгөхөд улсаас хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс 130 сая төгрөг төсөвлөж өгсөн. Одоогоор яг хэдэн төгрөг зарцуулсан тухай тооцоо хараахан гараагүй байна.