Малчдын нийгмийн баталгаа хангагдана
УИХ өнгөрсөн пүрэв гаригт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хууль батлагдсанаар малчдын ирээдүй баталгаажиж, тэтгэврээ тогтоолгох боломж нь нэмэгдэж байгаа аж. Энэ талаар хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос дараах тодруулгыг хийлээ.
-Малчид тэтгэврээ тогтоолгох болгоход ажилласан жилийг нь 1.2 жилээр тооцох болоод байна уу. Уг хууль хэдэн оноос хэрэгжих юм, ямар үр дүн дагуулна гэж харж байна вэ?
-Малчдын нэг жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлснийг 1.2 жилээр нэмэгдүүлж тооцохоор УИХ холбогдох хуулийг баталлаа. Хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-н. УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг баталсан учраас хэрэгжих хугацааг нь 2017 он болгохоос аргагүй болсон.
Хууль хэрэгжиж эхэлснээр малчдын ажилласан жил нэмэгдэж тооцогдоно. Түүнийг дагаад төлсөн НДШ нэмэгдэнэ, ирээдүйд өндөр тэтгэвэр авах бололцоо бүрдэж байгаа.
Одоо үйлчилж байгаа хуулиар цэрэг, цагдаа, дипломат албаны зарим албан хаагчид энэ төрлийн хууль үйлчилж, өндөр тэтгэвэр авдаг.
Малчдыг ийн онцгойлон авч үзсэн нь улсынхаа уламжлалт мал аж ахуйг дэмжих, цаг наргүй гадаад гандаж хөдөө хөхөрч, цаг уурын эрс тэс уур амьсгалд ажилладаг хүнд нөхцлийг нь мөн харгалзаж үзэж байгаа юм. Ийм боломжийг малчиддаа олгосноор нийгмийн баталгаа нь сайжирна. Тэр дундаа малчдын НДШ-д хамрагдах бололцоо нь илүү нэмэгдэнэ гэж харж байна.
2014 оны байдлаар 293.6 мянган малчны ердөө 11 хувь нь НДШ-ийг сайн дураараа төлж байгаа. Хэрвээ дээрх хуулийг УИХ-аас батлаагүй бол малчдын дийлэнх нь НДС-гаас тэтгэвэр авах боломжгүй болох дүр зураг ингэж бууж байгаа. Тийм учраас төр бодлогоор малчдынхаа нийгмийн баталгааг хангах ёстой гэж үзэж, зохих хуулийг санаачлан батлууллаа.
-Малчид тогтмол орлоггүй. Хавар ноолуураа тушааж мөнгөтэй залгадаг бол өвөл идшээ хийж мөнгөтэй болдог. Энэ тохиолдолд малчид НДШ-д тэр бүр хамрагдаж чадах болов уу?
-УИХ-аас малчдын тогтмол орлого олдоггүй энэ байдлыг нь харгалзаж үзээд улирлаар НДШ-ээ төлөх боломж олгосон хууль баталчихсан. Мөн НДШ-ээ нөхөн төлөх бололцоог 2014 онд зөвхөн малчин гэхгүй бүхий л иргэддээ олгосон. Тийм учраас малчид боломжийг ашиглаж, НДШ-ээ төлөөд явахад ирээдүйд нь хэрэгтэй.