Нийгмийн даатгал төлснөөр малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд малчдын тэтгэврийг наашлуулах хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэхгүй байгаа. Харин таны өргөн барьсан энэ хууль анхны хэлэлцүүлгээрээ батлагдах шинжтэй болчихоод байна. Энэ хоёр хууль зарчмын хувьд ямар ялгаа байна гэдэг дээр тайлбар өгөхгүй юу?
-УИХ-ын нэр бүхий гишүүдээс малчдын тэтгэврийн насыг наашлуулж, эрэгтэйчүүдийн насыг 55, эмэгтэйчүүдийн насыг 50 болгоё гэсэн санал орж ирсэн. Нэг ажил мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн насыг наашлуулах боломж УИХ-ын түвшинд байхгүй.
Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал ч өндөр байгаа, хүн амын дундаж наслалт өндөр болж байна. Тэгэхээр 15 жилийн дараагаас тэтгэврийн насыг цаашлуулна уу гэхээс наашлуулах тухай асуудал хөндөгдөхгүй гэдэг нь амьдралаас тод харагдаж байгаа юм.
Тиймээс энэ асуудал дэмжлэг авахгүй байгаа юм. Малчдын тэтгэврийн насыг наашлуулвал бусад ажил мэргэжлийн улсуудын тэтгэврийн насыг урагшлуулах асуудал сөхөгдөнө. Тэгвэл Монгол Улс тэр чигээрээ тэтгэврийн улс болох гээд байгаа юм.
Малчдаа дэмжих бодлогыг Монголын төр барих ёстой юу гэвэл ёстой. Малчид маань улс орны эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрч байна. Дээрээс нь цаг наргүй хөдөлмөрлөдөг. Байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг. Нүүдлийн соёл уламжлалыг өвлөж яваа онцлог ажил мэргэжилтэй хүмүүс.
Иймээс малчдаа дэмжсэн бодлогыг гаргах ёстой гэж үзээд малчдын ажилласан жилийг 1 жил 2 сараар тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ажилласан жил нь нэмэгдэж тооцогдоно л гэсэн үг. Одоогоор анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хэлэлцүүлгийн түвшинд гараад байна. Хууль батлагдах байх гэж бодож байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлсөн тохиолдолд хууль үйлчилнэ гэж ойлгож байгаа?
-Малчдын нийгмийн даатгалд хамрах нь харьцангуй бага байна. Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн хуулинд малчид нэлээд ихээр хамарсан. Малчид сар бүр нийгмийн даатгал төлөх боломж хомс байдаг. Орлого их олж байгаа сар улиралдаа нийгмийн даатгалаа төлж болдог хууль мөн батлагдсан. Тэгэхээр энэ хууль нийгмийн даатгал төлөхийн давуу талыг ухамсарлуулна гэж бодож байгаа.
-Хуулийн төсөлд нийгмийн даатгал төлөх босго насыг зааж өгсөн үү. Нийгмийн даатгалын шимтгэлээ эрт төлсөн малчин их залуугаараа тэтгэвэрт гарчих юм биш үү?
-Малчид төдөн жил нийгмийн даатгал төлөөд, төдөн насан дээрээ тэтгэвэрт гарна гэсэн асуудал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, насны босго тавиагүй. Хуулийн давуу тал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ажилласан жилээ нэмэгдүүлээд явсан тохиолдолд малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм.
-Энэ хууль буцаж хэрэгжих үү?
-Хууль ердийн журмаар хэрэгжинэ. Тэгэхээр батлагдсан өдрөөс ажилласан жил нь нэмэгдээд явна гэж ойлгох хэрэгтэй.
-Хууль батлагдсан тохиолдолд малчдын өөрсдийнх санаачилга их шаардагдах нь ээ?
-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явах нь нийгмийн баталгаа болж өгдөг. Тиймээс малчдын оролцоо их байж таарна. Хууль батлагдсаны дараа Нийгмийн даатгалын багц хуулинд өөрчлөлт орж ирнэ. Тэдгээр хуулинд илүү нарийн зохицуулалтууд орж ирэх юм.