Иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн төслийг хэлэлцэхээр болов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурав асуудал хэлэлцсэний нэг нь "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг нарын өргөн барьсан уг хуулийн төсөл нь газрыг өрхөд биш иргэн бүрт өмчлүүлэхэд чиглэгдсэн. 2006 онд батлагдсан "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулиар гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажил сүүлийн зургаан жил орчим үргэлжлэхдээ 30 хувьтай л хэрэгжсэн аж.
Харин дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байхад Ч.Раднаа, Д.Нямсүрэн, Ж.Гүррагчаа нарын гишүүн "Газрыг өрхөд өмчлүүлэх ажил ердөө 30 хувьтай байхад иргэдэд олгож эхэлбэл хэрэгжилт нь ямар байх вэ" гэв. Д.Ганхуяг гишүүн "Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа. Өрхөд өмчлөх ажил бага хувьтай байгаа нь дэд бүтцийн хөгжил муугаас шалтгаалж байгаа хэрэг. Түүнээс бус өмчилнө авах дургүйдээ авахгүй байгаа юм биш" гэж байлаа. Газрын менөжментийн болон хот байгуулалтынхаа бодлогыг боловсронгуй болгож, дэд бүтцээ өргөжүүлснээр иргэдэд өмчилж авах газрын хэмжээ тэр хэрээр нэмэгдэх аж. Энэ мэтчилэн гишүүд удтал маргалдсаны эцэст уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад, хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.3 хувь нь дэмжлээ.