Д.Ганхуяг гишүүний ачаар газар өмчлөх хугацааг сунгалаа
Өмчөлсөн газар
2012.05.16

Д.Ганхуяг гишүүний ачаар газар өмчлөх хугацааг сунгалаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчны багц хуулиуд буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжээд чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

Эцсийн хэлэлцүүлэгт эдгээр хуулиудын төслүүдийг бэлтгэсэн тухай танилцуулга, мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Гансүх танилцуулсан юм. Тэрээр энэ багц хуулиас зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг байгааг хэлсэн бөгөөд гишүүд түүгээр санал хураалган дэмжигдсэн.УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл хэлэхдээ, байгаль орчин, хүн төдийгүй амьтан ургамал, хүрээлэн буй орчин гээд ер нь мэдээж асар их ач холбогдолтой хуулийн төслүүдийг эцэслэж байна. Харин гэхдээ эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд хэн хэрхэн хяналт тавьж ажиллах бол гэдэг дээр, түүнчлэн хариуцлага хүлээх субьект хэн байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэсэн юм.

Дараа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал мөн дэмжигдлээ.Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дууссан. Үүнийг таван жилээр сунгахаар хуулийн төсөл оруулж байгааг хуулийн төсөл санаачлагч гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Ингэснээр газар өмчлүүлэх хугацааг 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгахаар болж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийт иргэдийн дөнгөж ес орчим хувь нь л газар нутгийн хоёр хүрэхгүй хувийг өмчилж авсан баримт байгааг гишүүн Д.Ганхуяг хэлж байлаа.Байнгын хорооны хурал үүний дараа “Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлах тухай горимын санал мөн дэмжигдсэн юм. Түүнчлэн зарим байгалийн цогцолборт газар нутгийг улсын хамгаалалтад авах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжсэнээр хуралдаан өндөрлөсөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.