Газар өмчлөлийн эрхийн бичгээ өв залгамжлуулж, бэлэглэж бас худалдсан ч болно
Ардчилал ялснаас хойш манай оронд өрнөсөн томоохон өөрчлөлт шинэчлэлийн нэг нь өмч хувьчлал гэж үздэг. Үүний үр дүнд зарим арга заль, боловсрол мэдлэгтэй нэг нь хэт хөрөнгөжиж, буурай хэсэг нь улам доош орсон. Харин нэгдэлд ажиллаж байсан малчид, өөрийн гэсэн дөрвөн хананы дунд амьдарч байсан иргэд мал болон орон сууцаа хувьчилж авснаар өөрийн гэх хөрөнгөтэй болсныг бүгд мэднэ. Хашаан дотроо дугуй гэрээ бариад амьдрагчид л өмч хөрөнгөгүй үлдлээ хэмээн гомдоллож байлаа.
2003 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, иргэн бурт 0.07 га газрыг үнэгүй өмчлүүлэхээр болж, хуулийн хэрэгжилтийг таван жилийн хугацаагаар тогтоосон ч энэ ажлын явц олигтой үр дүнд хүрээгүй. Тиймээс арга буюу дахин таван жилээр сунгасан нь ирэх оны тавдугаар сарын нэгнээр дуусгавар болох байлаа. Тухайн газар нь иргэнд өмчлүүлэх боломжтой нийслэлийн нийт талбай гэж Газрын албаныхан мэдээлж байсан. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг нийслэлд өмчлүүлэх өөр талбай байхгүй гэх атал дээрх 88 мянган иргэн Улаанбаатар хотын нийт хүн амын ердөө 8 хүрэхгүй хувь нь гэнэ.
Саяхан УИХ-ын нэр бүхий долоон гишүүн Газар өмчлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барьжээ. Уг хуулийн төслөөр бол газар эзэмшүүлэх зориулалтыг нь өөрчилсөн юм байна. Тодруулбал, гэр бүлийн нэг гишүүн өрхийн зориулалтаар газраа өмчлөөд авчихсан бол бусад гишүүн аж ахуйн зориулалтаар газар эзэмшихээр авч болох аж. Тэгэхдээ нөгөө өрхийн зориулалтаар авсан газартай адил гэрээ барьж, хашаагаа хатгаж, бусдаас "нуугдах" шаардлагагүй бололтой. Учир нь, та газар өмчлөлийн эрхийн бичиг буюу сертификатаараа заавал газар авах гэж улайрах хэрэггүй гэнэ. Энэ үнэт цаасаа банкны барьцаанд тавиад зээл авч болно. Бас үр хүүхдэдээ өвлүүлж, бэлэглэж тэр байтугай наймаа таарвал худалчихсан ч болох юм байна.
Тэгэхдээ газраа өмчилж аваагүй бол өөрт үнэгүй ногдох 0.07 га газар дээрээ аж ахуйн зориулалтаар гэдэг тодотголтойгоор дахин газар нэмж авч болох бөгөөд харин түүний алхам болгонд мөнгө төлөхөөр хуульчилж байгаа гэнэ. Одоо мөрдөж байгаа хуулиар аймгийн төвд 0.3, сумын төвд 0.5 га газрыг үнэгүй өмчлүүлэхээр заасан нь нэг талаас хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийг урамшуулах, бас ч нутаг дэвсгэр арвин байгаагийн давуу тал байх. Мөн хотын иргэдийг гадагш чиглүүлэх гэсэн зорилго ч бий биз. Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллээр 2008 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш нийслэлийн 7400-гаад иргэн орон нутагт газар өмчлөхөөр хүсэлтээ гаргаж, Улаанбаатарт газар аваагүй гэх тодорхойлолтоо авсан байна.Гэхдээ үүний олонхи нь Төв аймгийн нутагт "шингэсэн" байх магадлалтай юм.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, бидний санаачилсан хуулийн төсөл байнга мөрдөгдөх хуулийн концепциор хийгдсэн. Монгол Улсын иргэн ганцхан удаа газраа өмчлөөд зогсохгүй түүнийгээ өв уламжлуулах, цаашилбал зарах эрхтэй байна. Ингэснээр монгол хүний газрын харилцаа гэсэн цоо шинэ тогтолцоо үүснэ гэж тайлбарласан байна билээ.
Тэдний өргөн бариад байгаа шинэ хуулийн төслөөр бол дээрх газартай холбоотой харилцааг Газрын корпораци гэх (мэдээж төрийн юм уу төрийн оролцоот) байгууллага зохион байгуулах бололтой. Тэдний төлөөлөгч нь нийслэл болон аймаг бүрт байх гэнэ.
Газрын корпорацын төлөөлөгч газрын сертификатаа худалдах, тэр арилжаанд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж, сард нэгээс доошгүй удаа биржийн арилжааг зохион байгуулах юм байна.Энэ нь нөгөө л төрийн хүнд суртал, хувийн ашиг сонирхлын талбар болох вий гэх хардлагыг дагуулж магадгүй л юм. Харин арилжаа Монгол Улсын харьяат иргэдийн (компани, байгууллага биш) хооронд явагдахаар заасан нь бага боловч итгэл төрүүлж байна. Дээрх хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан бөгөөд түүнийг дагалдаж гарах хуулийн заалтад иргэдэд газар өмчлүүлэх хугацааг дахин таван жилээр сунгаж магадгүй байгаа юм.
Гэр, хорооллыг төвийн эрчим хүч, халуун хүйтэн ус зэрэг дэд бүтэцтэй холбож, засмал зам тавих Үүл баатрын амлалттай уялдан хашаа байшин, газрын үнэ өсч байгаа гэх мэдээлэл бий. Нийслэлийн Засаг даргын энэ "мөрөөдөл"-ийг алс хязгаарын Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд бодитоор хэрэгжүүлж, сурталчилж эхэлсэн нь иргэдэд бүр ч ойрхон ирээдүй болж харагдаад байгаа.
Төрөөс иргэн бүрт өмчлүүлэх 0.07 га газрын нэг ам метрийг нь 13.2 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ нь ойролцоогоор есөн сая гаруй төгрөг гэсэн үг.
Дээр нь УИХ-ын зарим гишүүний санаачилсан энэ хууль батлагдаж, зөв голдрилоор хөрсөн дээр буувал олон хүний сонголт өөрчлөгдөж, амьдрах орчин нь сайжрах боломжтой болно гэж сайнаар төсөөлж байна.
Тийм хэмжээний мөнгөөр амьдралд ганцхан тохиох боломжоо худалдаж байхаар сумандаа очиж, түүнээс даруй дөрөв дахин том газар өмчилж аваад хаусаа больё гэхэд боломжийн байшин босгоод амьдарвал яадаг бол. Иргэнд газар өмчлүүлэх тухай шинэ хууль төрөхийн өмнө ийм л нэг бодол, тийм л сонголт төрөөд байна даа. Харин та яах гэж байна.