Тоон системд аравдугаар сарын 5-нд бүрэн шилжинэ
Монгол Улс телевизийн өргөн нэвтрүулгийн тоон системд долдугаар сарын 15-наас шилжиж эхэлсэн. Энэ шинэчлэлийн явцын талаар Мэдээллийн технологи,шуудан, харилцаа холбооны газрын Сансар, холбооны албаны дарга В.Батбаяраас тодрууллаа.
-Шинэ системд шилжих явц хэр байна вэ?
-Юуны түрүүнд, долдугаар сарын 15 бол аналог системийг унтрааж эхлэх хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ өдөр орон даяар унтраасан гэсэн үг биш. Өргөн нэвтрүүлгийн системийн шилжилтийг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Долдугаар сарын 15- нд зөвхөн говийн бүсийн Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь болон Төв, Баянхонгор аймгийн дахин дамжуулах станцыг унтраасан. Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн аналог станцыг унтраана. Улмаар есдүгээр сард Баян-Өлгий, Булган, Говь- Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн хэрэглэгчдийг тоон системд шилжүүлнэ.
Эцэст нь, Улаанбаатар хот аравдугаар сарын 5-нд тоон системд шилжсэнээр орон даяар шинэчлэл бүрэн хийгдэнэ. , Шилжилт хэвийн байгаа гэж орон нутгаас мэдээлсэн.
-Тэгвэл иргэдийн оролцоо хэр идэвхтэй байна вэ?
- Холбогдох байгууллагаас өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс тоон системийн талаарх мэдээлэл, сурталчилгааг эрчимтэй түгээсэн. Иргэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж найдаж байна. Гэхдээ тоон систем хүлээн авах боломжгүй зурагтаа солих, эсвэл “сет-топ бокс” төхөөрөмж худалдан авч буй иргэдийн тоо харьцангуй бага байгаа. Жишээ нь, говийн аймгийн иргэд аналог системийг унтраасны маргаашнаас нь эхлээд хувиргагч төхөөрөмжийг асууж, сураглах нь ихэссэн. Тэгээд хэдхэн хоногийн догор борлуулалт нь эрчимтэй өсөж байгаа юм.
-Гэхдээ цаашид “сет-топ бокс” төхөөрөмжийн эрэлт өснө. Нийлүүлэлт хангалттай юу?
Харилцаа, холбооны зохицуулах газрын тооцоогоор 220 мянган өрх тоон системд шилжихээр байгаа. Өөрөөр хэлбэл, зурагтаа солих, эсвэл хувиргагч төхөөрөмж худалдан авах ийм хэмжээний өрх байна гэсэн үг. Манай байгууллага албан ёсоор “сет- топ бокс” нийлүүлэх эрхийг найман аж ахуйн нэгжид олгосон. Эдгээр компаниас нийлүүлэлт хангалттай болохыг мэдэгдсэн. Үүнээс гадна зөвшөөрөлгүй иргэд, аж ахуйн нэгжүүд хувиргагч төхөөрөмжийг борлуулсан тохиолдол гарсан. Тэднийг хязгаарлах ажлыг Мэргэжлийн хяналтын газар хариуцаж байна.
-Тэгвэл хэчнээн төхөөрөмж иргэдийн хэрэглээнд нэвтэрснийг мэдэх боломжгүй гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ зөвхөн Харилцаа, холбооны зохицуулах хороогоор дамжуулан хийсэн борлуулалтын тоо 15 мянгад хүрсэн.
-“Сет-топ бокс” төхөөрөмжийн үнэ харилцан адилгүй байна гэж иргэд шүүмжилж байна. Үнийн түвшинг ижил болгох боломж бий юү?
-Энэ шинэчлэлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа. Төр бодлого боловсруулж, зохицуулалт хийн, стандарт тогтооно. Харин хувийн хэвшил тухайн стандартын дагуу бүтээгдэхүүн борлуулна. Эрсдэлээ ч өөрөө үүрнэ.
“Сет-топ бокс” төхөөрөмжийн тухайд бид тендер зарлан, цөөн компани шалгаруулаагүй. Харин зөвхөн бидний заасан, Европын орчин үеийн “DVB-Т2” стандарт хангахыг шаардсан. Тиймээс харьцангуй олон компани энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр үнийн зөрүү бол хувийн хэвшлийнхний мэдэх
асуудал. Мэдээж, ижил стандартын төхөөрөмжийн үнэ зөрүүтэй байгаа нь тухайн хувиргагчийн функцтэй холбоотой. Бид хэрэглэгчдэд энэкомпанийн, ийм загварын гар утас худалдаж ав гэж тулгадаггүй шүү дээ. Үүнтэй яг адил. Одоогоор “DVB-T2” стандартын “сет-топ бокс” төхөөрөмж 50-70 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
-Нийслэлийн алслагдсан дүүргийн зарим хэсэгт хувиргагч төхөөрөмжөөс гадна нэмэлт антенн суурилуулах шаардлагатай гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ тухайд?
-Бид төв станцаас ирж буй дохиог өсгөөд, дахин дамжуулдаг бага оврын 371 станц орон даяар шинээр суурилуулсан. Тэдгээрийн 17 нь нийслэлд бий. Тиймээс станцын дохио нийслэл орчмыг бүрэн хангана гэж тооцож байгаа. Гэхдээ шинэчлэл учраас асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол “Радио телевизийн сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газарт хандах хэрэгтэй.