Олон улсын сүүний форум боллоо
Энэ сарын 23-27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээний үеэр ХХААЯ-наас Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг зохион байгуулан оролцсон.
Олон улсын сүүний форумд Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Сүүний холбоо мөн манай үйлдвэрлэгчдээс 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд АНУ, Япон, Тайвань зэрэг дэлхийн бусад олон орноос төлөөлөгчид ирж, дэлхийн сүүний салбарын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Энэ үеэр ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Монгол улсын сүүний хангамж” сэдвээр, Технологийн дээд сургуулийн багш Ч.Нарангэрэл Монгол улсын сүүний салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын талаар танилцуулсан.
Мөн АНУ-ын судлаач дэлхийн сүүний салбарын хөгжлийн чиг хандлагыг БНХАУ-ын сүүний салбарын жишээн дээр тайлбарласан судалгаагаа танилцуулсан бол БНХАУ-ын судлаач өөрийн орны сүүний салбарын өнөөгийн хөгжлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Форумын төгс гөлд БНХАУ-ын IT компаний захирал БНХАУ-ын сүүний мэдээллийн нэгдсэн лавлах сангийн тухай танилцуулсан бөгөөд форумд оролцогч улсууд энэхүү мэдээллийн сангийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Түүнчлэн ӨМӨЗО-ны Хөх хотын “Газар тариалан, мал аж ахуйн товчоо”-ны дарга тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын сүүний форумд оролцсон манай төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны газар тариалан, мал аж ахуйн салбарт цаашид улам гүнзгий хамтран ажиллах тухайлбал ноён шиш буюу эрдэнэ шиш ургамлыг Монгол улсад тариалж, хамтран ажиллах санал тавьсан юм.